Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа.
Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолын дагуу Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх болон үндэсний бүтээн байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой, таатай орчин нөхцөл бүрдэнэ.
Олон улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар, ажил олгогч, ажилтнууд хамтаараа батлан гаргадаг эрх зүйн баримт бичиг бөгөөд хувь хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улс тус байгууллагын 15 конвенцыг соёрхон баталсан бөгөөд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон баталснаар гишүүнчлэлийн татварт жил бүр 1071 еврогоор төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
Конвенц соёрхон баталснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, норм нормативын баримт бичиг, стандарт, дүрэм журмын уялдаа холбоог сайжруулж, барилгын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээх, барилгын салбарт мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, салбарын нэгдсэн бодлогын системийг бий болгох зэрэг үр нөлөө гарна гэж үзэж байна.
Конвенц нь 5 бүлэг, 44 зүйлээс бүрдэнэ.
Эх сурвалж http://www.info.mn