Дундговийн алдартнууд С.Батболдыг нэр дэвшихийг уриалжээ

722

Дундговь аймгийн иргэд, алдартнууд УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг 2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь нутгаас нэр дэвшихийг хүсэж, уриалга гаргажээ. Эл уриалгыг бүрэн эхээр хүргэж байна.

Уриалга

“Дундговь аймгийн уугуул, суугуул иргэд бид нутаг орныхоо төлөө өөрийн хувь нэмрийг зохих хэмжээнд оруулахыг хичээхийн зэрэгцээ аймгийнхаа хөгжил, нутгийнхаа хүн зоны амьдралын аятай, тавтай байдал улсын хэмжээнд өрсөлдөх түвшинд очихыг харж бахархахын хүсэл өвөрлөж явдаг билээ.

Улсын хойд өмнөд төвийг холбосон төв зам дайрдаг, нийслэлийн  болон өмнөд бүсийн зах зээлийн дунд оршдог учраас байршлын хувьд ч давуу, тал хээр нутгийн байгаль, өвөрмөц ахуйг түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, ашигт малтмалын төрөл бүрийн баялагтай, малын төрөл, тоо толгойн хувьд ч бусад аймгаас илт дутагдах зүйлгүй мөртлөө эдгээр давуу тал, нөхцөл боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаагаас Дундговь аймаг маань өрсөлдөх чадварын үзүүлэлтээр аймгууд дунд үндсэндээ сүүл мушгисан байдалтай явж ирлээ. Энэ талаар эрдэмтэд судлаачид хүртэл судалж, санал зөвлөмж гаргадаг боловч тэдгээр нь тэр бүр улсын хөгжлийн төлөвлөлтөд   тусгагдаж, төсөв хөрөнгийн хуваарилалтад багтахгүй үлддэг нь харамсалтай санагддаг.

Үүнийг төрөл бүрийн хүчин зүйлүүдтэй холбож үзэж болох боловч үнэн хэрэгтээ Дундговийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлөх дорвитой улс төрийн дэмжлэг үгүйлэгдэж, аймгийнхаа нөөц боломжийг ч, улсын хүч туслалцааг ч орон нутагруугаа татан уялдуулж чадах манлайлалтай улс төрчдөөр сүүлийн жилүүдэд дутах боллоо. Энэ талаар нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн болгон санаа зовниж, ирэх сонгуулиар   олонд танигдсан, улс төрийн хүчин дотроо асуудал шийдвэрлэхүйц нөлөөтэй, гадаад дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийг аймгийнхаа тойрогт нэр дэвшүүлэх талаар хоорондоо ярилцаж, өргөн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр Дэлгэрцогт сумын уугуул Монгол Улсын гавьяат эмч Ц.Янжингийн хүү, нутгийн маань бахархал болсон хүмүүсийн нэг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Таныг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Дундговь аймаг багтсан тойрогт нэр дэвшихийг уриалахаар тохиролцлоо.

Та Монгол Улсын Ерөнхий сайд байж, төрийн бусад олон хариуцлагатай албыг   хашиж, олон улсын хэмжээнд болон улс орондоо нэгэнт танигдсан улс төрчийн хувьд өөрийн энэ давуу талаа нутаг орныхоо хөгжлийн үйл хэрэгт зориулж, бүх талын хүч, нөөц, боломжийг нэгтгэн манлайлж, Дундговь аймгийнхаа зон олны хүсэл эрмэлзэл, эрх ашгийг УИХ-д нэр төртэй, хариуцлагатай төлөөлж, итгэлийг даан ажиллаж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Монгол Улсал шилжилтийн 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 15 Ерөнхий сайд төрж гарчээ. Тэдний дунд Дундговь аймгийн харьяат хоёр эрхэм Монгол төрийн нэн хариуцлагатай албыг хашиж, улс орныхоо төлөө зүтгэсэн. Дундговьчууд бид дундаасаа хоёр Ерөнхий сайд төрүүлж, тэднийхээ Монгол түмний төлөө хийсэн гавьяагаар бахархаж явдаг билээ.

Дундговьд нэр дэвших уриалга илгээхээр бүх зүйл сайхан байхгүй, элдэв гүтгэлэг, доромжлол эрчээ авна. Ам асуусан зүйл ч их гарна. Таныг ийм жижиг зүйлийг анзаарахгүй хат суусан гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар Та томилогдоод Засгийн газрынхаа хийх ажлын талаар хөдөө орон нутагт танилцуулах анхны гараагаа Дундговь аймгаас эхэлж, тухайн үед тавьсан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч Улаанбаатар-Мандалговийн хатуу хучилттай авто замыг барих хөрөнгө мөнгийг шийдэж байсныг бид санаж байна. Зам дагаж хөгжил гэдэг үгний бодит үр шимийг манай аймаг хүртэж байгаа. Харин энэ замаар нүүрс тээвэрлэж эхэлснээс хойш эвдэрч хэмхэрсэн учраас чанарын шаардлага илүү хангасан хатуу хучилттай авто зам барих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт шуурхай суулгах ёстой болж байна.

Таны удирдаж байсан Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч, иргэн бүрт Хүний хөгжлийн сангаас хишиг олгон, настан буурлуудад 1.5 сая төгрөг хүртээн, оюутнуудын сургалтын төлбөрийг төлж байсан нь ихэнх иргэдийн амьжиргаанд томоохон тус дэм болсон. Энэ ажлыг аймгийн түвшинд үргэлжлүүлж, Өмнөговь аймгийн жишгээр манай аймагт байршиж буй ашигт малтмалын ордоос орон нутаг хувь эзэмшиж Дундговийн ард иргэддээ үр шимийг нь хүртээх шийдвэрийг төр засгийн хэмжээнд гаргуулах нь чухал байна.

2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2011 онд мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг Таны тэргүүлсэн Засгийн газар санаачлан эхлүүлсэн. Цаашид малчдыг болон мал аж ахуйн салбараа дэмжих төр засгийн бодлогод нэг өрхөд ногдох малын тоогоороо улсад тэргүүлдэг Дундговь аймгийн иргэдийн санаа бодлыг тусгаж, хэрэгжилтийг нь аймгийн хөгжилтэй уялдуулахад Таны хувь нэмэр чухал байна.

Мөн Таны Засгийн газрын үед санаачилсан орчин үеийн сургалттай бүрэн дунд сургуулийг аймагт байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх, аялал жуулчлалын улсын хэмжээний бүс байгуулж төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих, Монголын бахархал, нутаг орны нэрийн тодотгол болсон уртын дууг дэлгэрүүлэх ажлыг бодлогын түвшинд дэмжиж аймагт дуулалт жүжгийн ордон байгуулах зэрэг Дундговь аймгийн хөгжлийг эрчимжүүлэх тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх алсын хараа, эрч хүч нэн шаардлагатай байна.

Энэ мэтийн далайцтай, олон жил үр дүнгээ өгч нутаг орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг өөрчлөхүйц томоохон ажлуудыг аймгийн иргэдийн захиа даалгавар гэж итгэл хүлээн, төр засгийн бодлогын түвшинд идэвхтэй зүтгүүлж хэрэгжүүлэхэд түшиг тулгуур болж чадах хүн нь Таныг гэж товлоод аймгийнхаа бүх сумын нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөл болсон дараах хүмүүс нэгдэн нутаг орныхоо хөгжлийн төлөө энэхүү саналыг Танд уламжилж, уриалга болгон өргөж байгааг тунгаан үзнэ үү” гэжээ.