Монгол улс ХАР ЖАГСААЛТАД орсноор ямар ЭРСДЭЛД ОРОХ вэ?

565

Цар тахал дэгдэж эдийн засаг савлаж эхэлсэн энэ үед манай эрх баригчид сонгуулийн шоу хийж бэлэн мөнгө тарааж, өр зээлийг тэглэж популизмдах зуур Евро Комисс хар жагсаалтад оруулах 9 улсыг зарлачихлаа. 

Өчигдөр буюу Пүрэв гарагт Европын Холбооны гишүүн 27 улсын засгийн газарт илгээсний дотор Монгол улс багтсан нь батлагдсан юм. 

FATF нь 2000 оноос эхлэн санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцдэггүй, татварын орчны ил тод байдал хангагдаагүй, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвар зэрэг эрсдэлийг үнэлж улс орнуудыг хар жагсаалтад оруулж эхэлсэн. 

Энэ жагсаалтад анх 15 улс орж байв. Үүнээс хойш FATF, Евро Комисс албан ёсоор жил бүр /зарим тохиолдолд жилд 2 удаа/ улс орнуудын эдийн засгийн ил тод байдлын тайланг харгалзан үзэж энэ жагсаалтад оруулах эсэхээ шийддэг байна.  

Европын холбооны комисс мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тооцоолон эдийн засгийн хувьд уналтад орох магадлал бүхий улсуудын жагсаалтад:

  • Панам,
  • Багамын арлууд,
  • Маврикий,
  • Барбадос,
  • Ботсвана,
  • Камбож,
  • Гана,
  • Ямайк,
  • Монгол,
  • Мьянмар,
  • Никарагуа,
  • Зимбабве зэрэг улсыг оруулжээ.

Хэрвээ Европын Холбооны гишүүн улсууд санал нэгдвэл эдгээр орнуудыг ирэх аравдугаар сард хар жагсаалтад нэмэх юм байна. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар Хойд Солонгос болон Иран улс энэ жагсаалтад байгаа юм.

Хар жагсаалтад орсноор дараах эрсдэлийг дагуулна

Улсын хувьд:

  • Стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно,
  • Зээлжих зэрэглэл буурна,
  • Гадаадын банкууд харилцаагаа тасалж баталгаагүй зээлдэгч орон гэж үзнэ,
  • Гадаад худалдаа багасна,
  • Улсын нэр хүнд унаж, гуравдагч хөрш орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа муудна. Улмаар төлбөр тооцооны хувьд хоёр хөршөөс хэт хамааралтай болно,
  • Эцэст нь эдийн засаг агших эрсдэл бий болж ард түмний амьдрал доройтно.

Бизнесийн байгууллагын хувьд:

  • Хар жагсаалтад орсон улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болно,
  • Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзсанаар гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт зогсож,
  • Европын орнууд руу хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээг хянаж эхэлснээр,төлбөр тооцоонд асуудал үүснэ. Тодорхойгүй хугацаанд төлбөр саатаж, олон банкаар дамжих учир шимтгэл нь нэмэгдэнэ,
  • Бизнесийн процесс удаашрах болно. Худалдааны салбарын ААН-үүдэд бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдахаас гадна гүйлгээний шимтгэл нь ч нэмэгдэх болно.

Тэгвэл хар жагсаалтаас хэрхэн гарах вэ?

Мөнгө угаалттай холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, хяналтыг чангатгах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, татвар, санхүүжилттэй холбоотой мэдээллийг олон улстай ил тод солилцох, оффшор данс эзэмших боломжийг багасгаснаар хар жагсаалтаас гарах боломж бүрдэх аж.

Эрх баригчдын сонгууль угтсан богино настай, алсын хараагүй энэ “попрол” Монгол улсыг их өрөнд унагаж, иргэдийн амьдралыг доройтуулах буюу сахил хүртсэн биш шал дордов гэгчийн жишээ болгов.