АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 хүний мэдүүлгийг хяналаа

456

Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд 569 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 719 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 405 мэдүүлгээс илт зөрчилтэй 1, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 366, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 11, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 27 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 314 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн бага ангийн сургалтын менежерээр томилогдохоор нэр дэвшсэн О.Юмчинсүрэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор сургуулийн сургалтын менежерээр томилогдохоор нэр дэвшсэн О.Гэрэлцэцэг, Төрийн банкны Сэлэнгэ салбарын захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Зоригоо, Булган салбарын харилцааны ахлах менежерээр томилогдохоор нэр дэвшсэн Х.Буянжаргал нарын 366 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Х-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж шийдвэрлэсэн байна.