Засгийн газраас хувийн хэвшил, байгууллагаа болон иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөхөөс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаатай чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар
- 39 мянган АЖ АХУЙН НЭГЖ,
- 705 мянган АЖИЛТАН,
- 120 мянган сайн дураар шимтгэл ТӨЛӨГЧ үүнд хамрагдаж, НДШ-ээ чөлөөлүүлжээ.
Мөн өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэдийг ХХОАТ-аас аравдугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн. Бид үндсэн цалингийнхаа 10 хувийг хувь хүний орлогын албан татварт төлдөг байв.
Хамгийн сүүлд Засгийн газраас хүүхэд бүрт нэг сард олгодог мөнгийг 20-иос 100 мянган төгрөг болгон тав дахин нэмэв. Ингэснээр 1.1 сая хүүхдэд нийт 102.6 тэрбум төгрөгийг улсаас өгнө. Дийлэнх өрх хоёр хүүхэдтэй гэвэл тухайн өрх зургаан сарын дараа нийт 1.2 сая төгрөг авах нь. Энэ бол бага мөнгө биш. Иймд зарим гэр бүл хүүхдийн мөнгөө хадгалж байгаад телевиз, угаалгын машин гэх мэт цахилгаан бараа авах төлөвлөгөө гаргажээ.
Арилжааны банкуудын хүүхдийн хадгаламж дунджаар 13 хувийн хүүтэй буюу бусад төрлийн хадгаламжаас өндөр байна.
Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлийн улмаас ажилгүй болсон, ажлаасаа халагдаагүй ч компани нь сул зогссон, орлого нь буурсан иргэдэд дээрх хөнгөлөлт чөлөөлөлт ихээхэн дэм болно.
Ямартаа ч иргэдийн гар дээрээ авах мөнгө багагүй хэмжээгээр өслөө. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн дээрх эх үүсвэрүүдээс ирэх НЭМЭЛТ ОРЛОГОО хэрхэн зарцуулах гэж байна?
Эрдэс баялгийн шинжээч Ч.Эрдэнэдалай дараах зөвлөгөөг өгч байна.
-Нэмэлт орлогоо битгий үр, хадгал. Энэ бол төлөвлөөгүй, гэнэтийн олз ашиг. Битгий амарчил, боломжийг ашигла. Гэнэтийн ашиг олон байдаггүй. Тиймээс (чинээлэг иргэдээс бусад нь) та мөнгө аваад шууд хадгаламж нээлгээрэй. Гэхдээ гэр, ажлаасаа хол, очиход хэцүү, мөнгөө авахад хэцүү, картгүй банкийг сонгож, данс нээлгээрэй. Хадгаламжаа өнөөдрөөс л эхлүүл. Ингэж хуримтлагч, хөрөнгө оруулагч болоорой. Энэ бол таны өөрөө өөрийнхөө төлөө хийх хамгийн зөв алхам. Энэ мэтээр цалин болгоноосоо 5, 10, 20 хувийг цааш нь хий. Энэ хадгаламжаа бусдаас нууж, онцгой тохиолдлын сан гэж нэрлээрэй. Амь тулсан, тэнгэр хол, газар хатуу үед хэрэг болно. Тэр үед та миний зөвлөгөөг санах болно. Та зургаан сар л үргэлжлэх боломжийг ухаалгаар ашиглаж, хуримтлалаа эхлүүлээрэй.
Арилжааны банкуудын хүүхдийн хадгаламж дунджаар 13 хувийн хүүтэй буюу бусад төрлийн хадгаламжаас өндөр байна. Төв банкнаас бодлогын хүүг 11-ээс 9 хувь болгон бууруулсан. Иймд ойрын хугацаанд банкууд хадгаламжийн хүүгээ бууруулах өндөр магадлалтай. Та үүнээс өмнө амжиж хүүхдэдээ хадгаламж нээлгэн, зургаан сарын хугацаанд л олгох 100 мянган төгрөгийг нь өсгөөрэй. Мөн зарим банк хадгаламжийн хугацаа уртсах тусам өндөр хүү амладаг юм шүү.