Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд нэгдэн ‘Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх’ хөдөлгөөн өнөөдрөөс 1000 гаруй гишүүнтэйгээр улстөрийн суулт хийхээр болжээ. Энэ талаараа нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Р.Дагва, Баянгол дүүргийн намын хорооны гишүүн Б. Сэмжидмаа, Сонгинохайрхан дүүргийн гишүүн Л. Бямбадорж, Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүн Э.Бат-амгалан нар хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Ирэх сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж оруулж байгааг эсэргүүцэж намын жирийн гишүүд өнөөдрөөс улстөрийн суулт хийж журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа юм байна.
Тэд:
-Нэгдүгээрт нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрээ намын дүрмэнд нийцүүлэх
-Хоёрдугаарт МАН-ын хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгох шаардлагууддаа шийдвэр гаргуулахаар суултаа эхлүүлж байгаа ажээ.
Одоо гаргасан журмаар бол нийслэлийн 300 гишүүнийг нийслэлийн 152 МАН-ын хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг квотоор шууд оруулахаар байгаа. Тэгэхдээ ‘дарга, дэд дарга, ажилтан, ажилчид’ 69 хүний квотод хамрагдана гэсэн заалт нь МАН-ын дүрмээ зөрчсөн байна.
Хэрвээ энэхүү журмаар хурлын төлөөлөгч сонгосон тохиолдолд 60 тэрбумынхан гэгдэх Ц.Сандуй, Су.Батболдын багийн туслах, жолооч гэх мэт ‘халаасны’ хүмүүсээ оруулан дүрмийн бус аргаар санал луйвардан нийслэлийн МАН-ыг авах нь тодорхой гэж МАН-ын жирийн гишүүд үзэж байна. Иймээс ДАРГА НАРЫН НАМ БИШ ЖИРИЙН ГИШҮҮДИЙН НАМ болгох улстөрийн суултад удирдлагууд нь нааштай шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараа дараагийн шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна.