Зуны дэлгэр цаг болж эцэг, эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх тухай санаа тавьж эхлэж байна. Энэ жилээс эхлэн жүжиглэх урлагийн суурь олгох, кино ертөнцийг ойлгуулах үндсэн хөтөлбөртэйгээр ажиллахаар төлөвлөөд байгаа ‘Янзага’ зуслангийн захирал, найруулагч Э.Лувсандаштай ярилцаж байна.
– Энэ жилээс хөтөлбөрөө шинэчилсэн байна. Онцлогийг нь товч танилцуулбал.
– Орчин үеийн зуслангийн хөтөлбөрийн онцлог нь тодорхой сэдвүүдийг түшиглэн төрөлжих хандлагатай болсон. Тиймээс ч манай багийнхан ярилцаад олон хүүхдийн бага насны мөрөөдлийн мэргэжил болдог кино ертөнц, жүжиглэх урлагийг үндсэн контентоо (хөтөлбөр) болгон сонгоод байна. Эцэг, эхчүүдийн хувьд ч хүүхдээ зөв цэгцтэй өөрийгөө илэрхийлдэг, гоо зүйн мэдрэмжтэй, хөдөлгөөний эвсэлтэй болгохыг хүсч байдаг. Харин одоо ид хөгжиж байгаа үндэсний кино бүтээгчдийн хувьд багаасаа энэ ертөнцийг мэддэг сайн үзэгчид чухал байгаа. Иймээс хоёр талын хүсэл сонирхол нэгдсэн гэж ойлгож болно.
– Их сонирхолтой сонсогдож байна. Жишээлбэл ямар зүйлсийг хүүхдүүд амрах хугацаандаа мэдэж, сурч авна гэсэн үг вэ?
– Долоо хоногийн хөтөлбөрөөр дамжуулж тийм олон зүйлсийг сургахад хэцүү. Тэгэхдээ ямар ч байсан манай багийнхан хүүхдүүдэд киноны фото болон видео проб гэж юу болох, киноны багт хэн хэн ямар үүрэгтэй ажилладаг. Мөн хүүхэд бүр зохиолтой хэрхэн танилцдаг, тайзны яриа, хөдөлгөөн гэдгийн анхан шатны мэдлэг олж авч багаараа бяцхан бүтээл дээр ажиллах болно. Энэ бүгдийг манай зуслангийн мэргэшсэн баг зохион байгуулахаас гадна олон мэргэжлийн багш нар хүрч ирж хичээл зааж, зөвлөж, туслах болно.
-Мэргэжлийн багш нар нь ямар олны танил хүмүүс байгаа бол гэж хүүхэд бүр сонирхож байгаа байх.
– Манай бүлгийн ахлах удирдагчаар Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш Дашмягмар ажиллана. Мөн найруулагч С.Баттулга, жүжигчин СТА Саранцэцэг (Сүнжид багш), Н.Ялалт, С.Батзориг (Исчү), Сити дээд сургуулийн дуулах урлагийн багш Гантулга нар одоогоор хамтран ажиллахаар байгаа.
– Хүүхдүүд жүжиглэх урлагт суралцахаас гадна бусад ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
– Байгалийн сайханд амарч байгаа юм чинь спортын арга хэмжээг хэрхэн орхихов. Бүтэн нэг өдрийн спорт өдөрлөг, нээлт, хаалтын дискотой. Бас зуслангийн АХА, Яг түүн шиг, Voice гэх мэт тэмцээнүүдийг хөтөлбөрөө дэмжин явуулахаас гадна сүүлийн орой бүх бүлгүүд өөрийн уран бүтээлээ толилуулах ‘Гэгээн Янзага’ наадамтай бөгөөд хүүхэд бүр олон номинацид шилдэгээр шалгархын төлөө авьяасаа шавхан өрсөлдөх болно.
– Эцэг, эхчүүдэд хөтөлбөр тань таалагдаж байгаад итгэлтэй байна. Одоо зуслангийн орчин болоод хоолны хүртээмж, байрны тав тухын талаар дэлгэрэнгүй хэлж өгнө үү?
– Үзэсгэлэнт Баруун дүүрэн, зүүн дүүрэн уулын бэлд Хандгайтын аманд байрлах манай зуслан нь нэг ээлжиндээ 240 хүүхэд зэрэг хүлээн авах байр, хоолны заалтай бөгөөд энэ зуны ээлжүүдэд өдрийн гурван хоол, гурван цайтай. Манай компаний мэргэжлийн гал тогооны болон хөтөлбөрийн багийнхан таны хүүхдийн эрүүл, аюулгүй амрах бүх нөхцлийг хангахаар чармайн ажиллаж байна.
– Зусланд явах хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ? Тусгайлан бэлтгэх зүйлс байх уу?
– Зуслангийн албан ёсны ээлж зургаан сарын 16-наас эхлэх бөгөөд гуравны өдрөөс эхлэн Дүнжингарав худалдааны төв дээр бүртгэнэ. Та бидэнтэй 88205747, 99101910 дугааруудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн Фэйс бүүкийн ‘Янзага хүүхдийн зуслан’ фэйжээр орж мэдээлэл аваарай. Зусланд явахдаа эрүүл мэндийн бичгээ бөглүүлж, цагаан хэрэглэлээ авч явах шаардлагатай. Мэдээж амрах хугацаанд шаардлагатай улирал, хөтөлбөрийн онцлогто тохирсон хувцас, хувийн ариун цэврийн хэрэгслүүдээ бэлтгэнэ.
– Бусад зуслангуудаас түрүүлж сонирхолтой хөгжлийн хөтөлбөр санал болгож байгаа танай хамт олонд амжилт хүсэе! Ирээдүйн сайн жүжигчидийн эхний тайз танайх байх болтугай.
– Баярлалаа. Бид үнэхээр хичээж байгаа. Монголын бүх зуслангууд манайх шиг онцлог хөтөлбөртэй болж, ирээдүйн иргэдийн мэргэжлээ сонгох, хөгжих боломжид түлхэц өгөөсэй хэмээн хүсч байна. Олон олон дэлхийн одуудын анхны тайз нь хүүхдийн зуслан байсан байдаг, хэзээ нэгэн өдөр Монголын томоохон од ‘Миний анхны тайз Янзага зусланд байсан’ гэхийг үгүйсгэхгүй байна.