Ц.Нямдорж: Үндсэн хуулиа л битгий зарж идээрэй

549

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг. Уг асуудлыг хэлэлцэж, 98.4 хувийн саналаар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ‘Томилогдож байгаа хүмүүст амжилт хүсье. Үндсэн хуулийн гишүүнд томилогдож байгаа хүмүүс мэргэшсэн байх ёстой гэж заасан байдаг юм. Энэ бол их утга учиртай үг. Лам хуваргаар ярьвал гэгээрсэн хүмүүс байна аа гэж заасан юм шиг байна. Анхны дарга нь Сувд багш байлаа. Тэгээд Жанцан, Амарсанаа гээд монголын том хуульчид байлаа. Үндсэн хуулийн цэц бол том хуульчдын ном хурах газар байдаг. Тэгэж байж шударга шийдвэр гарна. Үүнд хүрэх хэцүү. Тиймээс энэ том хуульчдын зиндаанд хүрч ажиллах хэрэгтэй. Өнгө мөнгөний хорвоо боллоо. Зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй.  Үндсэн хуулиа л битгий зарж идээрэй. Үүнийг л захимаар байна. Тал талаас чинь янз бүрийн шахалт ирнэ. Айлган сүрдүүлэх, дарамтлах, худалдах гээд элдэв арга хэрэглэнэ. Санаанд нь хүрсэн шийдвэр гараагүй цэцийн гишүүдийг угтаж доромжлох дарамт ирнэ. Сүүлийн үед төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажиллагааг бүлэглэлүүд их хийдэг болсон. Тиймээс энэ айдас, дарамтад орохгүй ажиллаарай гэж захимаар байна. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болдог болж байгаа шүү. Ингэж л өнгө мөнгөнд худалдагдаж байгаа шүү. Тиймээс үүний эсрэг баттай зогсоорой гэж хэлмээр байна’ гэсэн юм.