Хувьчлагдах жагсаалт дахь сонирхолтой долоон компани

994

Засгийн газар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулна гэх хүлээлттэй байгаа юм. Засгийн газрын хуралдаанаар нийт 37 төрийн өмчит байгууллагын хувьчлал яригдсанаас 27 нь зөвшөөрөгдсөн байна.

Засгийн газрын хуралдаанаар хувьчлагдахаар яригдсан компаниудын мэдээллийг доорх байдлаар бэлтгэлээ.

Хувьчлалаас эрчим хүчний чиглэлийн 10 компанийг хасчээ

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д эрчим хүчний чиглэлийн 10 компани багтсан байдаг. Харин Эрчим хүчний яамнаас 2018 оны хоёрдугаар сард Үндсэн чиглэлээс хасуулах санал ирүүлсэн байна. Ингэснээр ТӨБЗГ-аас эдгээр 10 компанийг хувьчлах, эс хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлж буй нь энэ юм.

Анх тогтоолын төсөлд эдгээр эрчим хүчний чиглэлийн компаниудын 30 хувийг хувьд шилжүүлэхээр тусгагдаж байсан. Харин эдүгээ 100 хувь төрийн өмчит байх саналтайгаар УИХ-аар дахин хэлэлцэгдэхээр болж байна. Компаниудын 30 хүртэлх хувийг хувьчилснаар хяналт сайжирч, төрийн албанаас үүдэлтэй үргүй зардал буурах сайн талтай. Гэвч эрчим хүчний салбар өөрөө нийгмийн хариуцлага хүлээдэг учир хувьчлах нь эрсдэлтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

Хэдий тийм ч эрчим хүчний чиглэлд “түгээх” үүрэг хүлээж буй компаниудыг хувьчлах нь зүйтэй. Ухаалаг байдлаар цахилгааны хэрэглээг хянах технологи хурдтай нэвтэрч буй өнөө үед олон мончартай төрийн том бүтэц бүхий эрчим хүчний чиглэлийн компанийн хэрэгцээ ирээдүйд багасна гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Хувьчлах жагсаалтаас хасагдсан эрчим хүчний чиглэл дэх компаниудыг нэрлэвэл,

1. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК

2. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК

3. “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК

4. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК

5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК

6. “УБЦТС” ТӨХК

7. “Шивээ-Овоо” ХК

8. “Багануур” ХК

9. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ХК

10. “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаа түгээх сүлжээ” ТӨХК-иуд багтаж байна.

Хувьчлагдах жагсаалт дахь сонирхолтой долоон компани

Хувьчлагдах жагсаалтад багтсан нэр бүхий долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.

1. “МИАТ” ТӨХК: Үйл ажиллагааны хэт их зардалтай, билетийн үнэ нь өндөр, өрсөлдөөнийг хязгаарласан гэх шалтгаанаар тус компанийн 49 хувийг хувьчлах шийдэлд Засгийн газар хүрсэн байна. Гэхдээ хувьчлах асуудал УИХ нэлээд маргаан дагуулах нь дамжиггүй юм. Агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага бий.

Гэвч нөгөө талд төрийн өмчит компанид шахалт үзүүлэх замаар хямд өртөг бүхий гадны болон дотоодын авиа компаниуд гарч ирдэг ч хэсэг хугацааны дараа үнээ өсгөчихдөг олон улсын жишиг бий. Ийм эрсдэлийг бодлогоор хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхойлж байж хувьчлал ярих хэрэгтэй гэсэн шүүмжлэл явж буй.

2. ТӨРИЙН БАНК: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хувьчлалын асуудалд эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн. Энэ нь банкны системийг цаашид тогтвортой явуулах бодлоготой холбоотой юм. Үлдсэн хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа хэлбэрээр арилжах шийдэлд хүрчээ.

3. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Иргэд хүссэн цагтаа гар утаснаасаа хувьцааны үнэ харж, худалдаандаа чөлөөтэй оролцдог болсон. Ийм цаг үед Хөрөнгийн бирж “түүх” болон үлдэх магадлалтай байгууллагаар нэрлэгдэж буй. Тиймээс Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ.

4. МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас доошгүй хувьд байлгах.

5. “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хувийг нь үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тус компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг шилэн кабельд бүрэн холбох асуудлаар чармайн ажиллаж буй. Гэвч технологийн хөгжлөөс үүдэн эрсдэл хүлээх магадлалтай гэж үзэж байгаа юм.

6. ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ ХАА-н зах зээлд оролцогчдод бизнесийн эрсдлийг удирдах, төлбөр тооцооны цогц систем нэвтрүүлэх, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг анхаарах олон асуудал байгааг ярилцсан байна.

7. АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ: Төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдах

ХУДАЛДАХ ЗАРЧИМ: Хөрөнгийн биржээр дамжуулан, нээлттэй арилжаалах

Төрийн өмчлөл дэх 20 АЗЗА компанийг хувьд бүрэн шилжүүлнэ

Улсын хэмжээнд төрийн өмчлөлтэй 20 АЗЗА компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд нийслэл, орон нутгийн авто зам арчлалтын ажил хариуцдаг. Компаниуд ойролцоогоор 20 орчим ажилтантай, сул зогсолт ихтэй, аймаг орон нутгийн төсвөөс жилдээ 200-600 сая төгрөгийн төсөв авдаг ерөнхий зүй тогтолтой.

Улс төрөөс хамаарч, удирдлагууд нь олон солигддог тул техникийн хадгалалт, хамгаалалт эрс мууддаг, тогтмол ажилгүйн улмаас ажилчдын нийгмийн даатгал тасардаг гэхчилэн ахуйн бэрхшээл ихтэй байдаг аж.

2009 онд гадны хөрөнгө оруулалтаар АЗЗА компаниуд тоног төхөөрөмжөө шинэчилснээс хойш есөн жилийн хугацаанд баазаа бэхжүүлэх арга хэмжээ авах санхүүгийн чадамжгүй ажиллаж байна. Өнгөрсөн 2017 онд холбогдох агентлагаас нь бодлогоор дэмжиж өгснөөр 18 АЗЗА ашигтай ажилласан хэдий ч цаашид төрийн өмчид  байлгах шаардлагагүй гэж үзжээ.

Хувьчлагдах АЗЗА компаниудын нэрс:

1. Булган АЗЗА

2. Дорноговь АЗЗА

3. Харгуй АЗЗА

4. Хархорин АЗЗА

5. Талын зам АЗЗА

6. Эрдэнэсант АЗЗА

7. Багануур АЗЗА

8. Налайх АЗЗА

9. Төв АЗЗА

10. Дархан АЗЗА

11. Сэлэнгэ АЗЗА

12. Орхон АЗЗА

13. Баянчандмант АЗЗА

14. Архангай АЗЗА

15. Өвөрхангай АЗЗА

16. Хөвсгөл АЗЗА

17. Говь-Алтай АЗЗА

18. Ховд АЗЗА

19. Завхан АЗЗА

20. Увс АЗЗА

ХУДАЛДАХ ЗАРЧИМ: Дуудлага худалдаагаар худалдах

Эцсийн шийдвэрийг УИХ гаргана

Засгийн газраас өмч хувьчлалын асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Тогтоолын төсөл УИХ дээр хэрхэн өнгө зүсээ өөрчлөхийг хэлж мэдэхгүй ч эхний төсөөллөө Засгийн газар ингэж гаргалаа. Өмч хувьчлал цөөн хэдхэн мөнгөтэй хүнд боломж олгодог. Хэт шударга бус байдлаар явагддаг гэх нийтлэг шүүмжлэл бий. Харин энэ удаа томоохон долоон компаниа нээлттэй байдлаар Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.

Гэхдээ Төрийн банк тэргүүтэй томоохон компаниудыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зорилгоор стратегийн хөрөнгө оруулагч оруулж ирэх нь тодорхой. Гол нь энэ тогтоолын төсөл яг ажил хэрэг болох уу гэсэн хүлээлт ихээхэн асуудалтай юм. Өнгөрсөн жилүүдэд Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал улиг болтлоо яригдсан ч гацсаар ирсэн билээ.

УИХ-аас тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд хувьчлагдах төрийн өмчит компаниудад хөндлөнгийн үнэлгээ орж, түүнд нь аудит орж байж, босго үнэ тогтоох асуудал яригдах учиртай. Биржээр дамжуулах бол бүртгэл хийгдэж, нэгж хувьцааны үнэ тогтоохоос эхлээд шат дараатай бэлтгэл ажлууд өрнөх юм.