АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден, Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нарын тангараг өргөх ёслол Капитол ордонд болно. 59 дэх удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа коронавирусийн хөл хорионы улмаас цомхон хэмжээнд явагдах юм. Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Америк сэргэх цаг нь болсон. Би хуваагдахгүй, харин нэгдэхийг эрмэлздэг ерөнхийлөгч болно гэж амлаж байна” гэсэн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш болон одоогийн дэд ерөнхийлөгч Майк Пенс нар оролцоно гэдгээ мэдэгдсэн. Харин сүүлийн дөрвөн жил АНУ-ыг удирдсан ерөнхийлөгч Доналд Транп оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр 150 орчим жилийн хугацаанд халаагаа өгч байгаа хүнийхээ ёслолд оролцоогүй анхны ерөнхийлөгч болж байна.
Манай улсын хувьд АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч Жо Байденийг дэд ерөнхийлөгч байх үед буюу 2011 онд тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайд асан Сү. Батболд хүлээн авч манай улсад төрийн айлчлал хийж байлаа. Тус айлчлалын үеэр хоёр улсын нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэн байдаг.
Мөн энэхүү айлчлалын үеэр Жо Байден Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байгаа гэдгийг онцолж хэлж байсан юм. Ийнхүү тус айлчлал нь АНУ болон Монгол улс хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлсэн гэж үздэг.