Царцаанууд гэрийн бүрээс, хувцас, ааруул идсэн тохиолдол бий

1083

Царцаа газар тариалан, ургацын талбай сүйдэлдэг. Увс аймгийн Улаангом сумын малчид маш хурдацтай тархаж буй царцаатай тэмцэж, устгахгүй бол бэлчээргүйдэх аюул нүүрлээд буй талаар мэдээлж байна.

Өнгөрсөн мягмар гаригт болсон Увс аймгийн Улаангом сумын манлай малчдын зөвлөгөөн дээр малчид тус сумын наймдугаар багийн нутаг, Гурван Тэрмист царцаа “үүрлэн”, хурдацтай өсч үржиж байгаа тухай хөндөн ярилцжээ.

Малчдын хэлж буйгаар, сүүлийн хоёр жилд Гурван Тэрмист их хэмжээний царцаа тархсан бөгөөд өвсний үндэс татах бүрт олноороо гарч ирдэг болсон байна. Иймд яаралтай устгахгүй бол Гурван Тэрмис, улмаар Увс аймгийн ихэнх нутгаар царцаа тархах эрсдэл өндөр байгаа аж.

Царцааны авгалдай газар доор 15-20 жил амьдрах чадвартай гэдэг. Намар оройхон өвөлжөөндөө буухад өвс байхгүй, ихэнхийг нь царцаа идчихсэн байдаг тухай малчид ярьжээ.

Манай оронд 140 гаруй төрлийн царцаа байдгийн 20 гаруй зүйл нь малын бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад хөнөөл учруулдаг байна. Эрдэмтдийн судалснаар ихэнх төрлийн царцаа өдөрт өөрийн жингээс 1.5-2 дахин их хоол тэжээл иддэг ажээ. “Дээвэр далавчит” хэмээх нэгэн зүйлийн царцаа биеийн хэмжээнээсээ 1.22 дахин их тэжээл хэрэглэдэг байна.

Эрдэмтэд “Бэлчээрийн 100 ам метр талбайд 564 ширхэг царцаа тархсан үед тухайн газар мал идэх ногоогүй болж, газрын өнгөн хэсэг нүцгэрдэг” гэж хэлсэн байдаг аж.

Судалгаагаар,  царцаа үй олноор үрждэг жилүүдэд бэлчээрийн ургац 2-3.9 центнерээр буурч, малын хээл хаялт 2.63, сувайралт 1.7, төлийн хорогдол 2.4, зүй бусын хорогдол 1.6 хувиар нэмэгдэж, тураалаар үхсэн малын тоо 18 дахин өсдөгийг тогтоожээ.

Эрдэмтэд зуны улиралд нэг царцаа 3.75 кг өвс ногоо иддэг нь хоёр хонины зуны гурван сард идэх ногоотой тэнцдэг аж. Эрдэмтэд хоёр жил тутамд царцаа үй олноороо өсдөг гэж үздэг.

Хэдхэн жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Алтай сум болон Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Дуут суманд царцааны нүүдэл болсон байна. Энэ үеэр малын бэлчээрт нүдэнд бөртийх ч өвс үлдээгүйн улмаас царцаанууд гэрийн бүрээс, хатаах гэж тавьсан хувцас, ааруул идсэн тохиолдол бий аж.

Тэр үед идэх зүйл үлдээгүй учир тарвага, аргаль, янгир, бөхөн зэрэг өвсөн тэжээлтэй амьтад өлбөрч үхэн, зарим нь нутаг орноосоо дайжжээ.

МЭӨ 1490-904 онд Ливи, Алжирт царцааны нүүдэл их хэмжээгээр тархсаны улмаас тус орны хөдөө аж ахуйн салбар нь хямралд өртөж, 200 мянган хүн өлсгөлөнгөөр нас барсан тухай гунигт баримт үлджээ.

Мөн МЭ 25 онд Ромын эзэнт гүрний буудайг царцаа цөлмөснөөр 800 гаруй хүн өлсгөлөнгөөр нас барсан байна. Монгол судлаач эрдэмтэн Л.М.Гумилёв “МЭ 40-өөд оны үед ч Хүннү гүрэнд царцааны нүүдэл тархаж, бэлчээрийн ургамлыг идсэний улмаас хэдэн зуун хүн өлсөж үхсэн байдаг” гэж бичжээ.

Царцааны ашиг тус: Говийнхон зуны улиралд царцаа барьж, хатаамал хийдэг. Хавар, өвлийн хахир цагт хатаасан царцаагаа нүдэж нунтаглан шөл хийж, туйлдсан малд уулгадаг нь сайн тэжээл болдог аж. Мөн “Акритракт царцааны бэлдмэл” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Уг бүтээгдэхүүн нь малын төрөл бүрийн уушгины үрэвсэлт өвчнүүд болон амьсгалын замын өвчинд нэн тустай аж. Төл малд хэрэглэхэд эмчилгээний үр дүн 95 хувь байдаг нь тогтоогджээ.