Улс төрийн хүрээнд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү, үгүй юү гэсэн асуудал нэлээн хүчтэй яригдаж байна. Хоёр өдрийн өмнө болж өнгөрсөн “Монголын эдийн засгийн чуулган 2018”-ыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европын холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм’ гэсэн билээ.
Ажиглагчид Ерөнхийлөгчийн энэ үгэнд нэлээн анхаарал хандуулж, бас шүүмжлэл өрнүүлж байна.
2018 оны нэгдүгээр сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Энэ жил ШХАБ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд урьсны дагуу бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн талаар мэдээлж байв.
Өнгөрсөн гуравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсад ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан. Энэ үеэр ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхээс гадна соёлын болоод эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлээд, ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болох ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй байр, суурьтай оролцоно гэсэн билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс ШХАБ-ийн ажиглагчийн статустай. Зарим ажиглагчид манай улс “төвийг сахисан” байр сууриа хадгалах нь чухал гэсэн байр суурь илэрхийлж буй бол зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжиж байна.
Монгол Улс ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргах эцсийн шийдвэрийг УИХ гаргах билээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм.
Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тав”-ын 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болжээ. 2001 онд Узбекстан улс нэмэгдэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж нэрлэсэн байна.
ШХАБ-д багтаж байгаа орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60 хувийг эзэлдэг. ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна. Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй.
ШХАБ нь статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш гэдгээрээ онцлог билээ. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал ба алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.