ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв өөрийн гэсэн шинэ байртай боллоо. Шинэ байрны нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Азийн хөгжлийн банк болон Европын Холбооноос Монголын мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөн, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон МСҮТ, Политехник коллежийн удирдлагууд зэрэг хүндтэй олон зочин оролцсон юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэй тус төвийг 2016 онд Засгийн газрын тогтоолоор байгуулсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн байргүй явж ирснийг АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр шийдэж ийн тохилог сайхан байртай болж буй билээ.
Шинэ байрны нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн байртай болоход бүх талаар тусалсан Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны төслийн хамт олон, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, донор байгууллагынханд талархал илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад ажилгүйдэл, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр залуусыг сургаж ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд бэлтгэх үйл ажиллагаа чухал бөгөөд Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх чиглэсэн олон талын арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр ХНХЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байгаа бүтцийг яаманд нэгтгэж мэргэжлийн боловсрол сургалтын бодлого, хэрэгжилтийг хариуцсан газартай болох зохион байгуулалтын ажлыг хийж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагааг орон нутгийн Засаг даргын үйл ажиллагаатай уялдуулан, тэдний дэмжлэгийг авч хөгжих зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор сайдын тушаал гарч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг орон нутгийн удирдлагуудаас бүрдүүлдэг байхаар өөрчлөлт оруулж байна. Түүнчлэн Мэргэжлйин боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Амжвал энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газарт “Мэргэжлийн боловсрол сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барьсан. Удахгүй хэлэлцэж тодорхой шийдвэр гарна гэж найдаж байгаа. Тогтоолын төсөлд сургалтын байгууллагуудын өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогыг сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багш, сурагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулах, ялангуяа хичээл, сургалтанд шаардлагатай хэрэглэгдэхүүн материалыг өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлдэг байх боломжийг нээж өгөх заалтуудыг тусгасан. Өнөөдөр өөрийн гэсэн байраа хүлээж авч байгаа Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийг Бүсийн арга зүйн төвүүдтэй нэгтгэн зохион байгуулалтад оруулах асуудал ч энэ тогтоолоор шийдэгдэнэ. Тухайлбал, мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, багш нарыг сургах хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд нэг дор төвлөрч явагдах нь зохимжтой гэж үзэж байгаа зэргээр энэ салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны олон чухал арга хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авч хэрэгжүүлж байна” хэмээсэн. Тэрбээр мөн түр сургалтын байгууллагуудыг аттестатчилах, ур чадвар эзэмшсэн залууст хөндлөнгийн үнэлгээ хийх зэрэг олон үйл ажиллагаа явуулах, хамгийн гол нь монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, оролцогч талуудын ойлголт эерэг хандлагыг нэмэгдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөр эрхлэлттэй хослуулан дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй энэхүү байгууллагын үйл ажиллагаа хэвийн явах, ажилтнуудын ажлын байрны орчин нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж буйг онцолсон.
Шинэ байрныхаа нээлтийг хийж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж олон улсын хөгжлийн жишиг хандлагад нийцүүлэн нээсэн тус төвийн хамт олон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа зочдод танилцуулсан бол ажил олгогчдын төлөөлөл Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар Үнэлгээний төвийн үйл ажиллагааг ажил олгогчдын зүгээс дэмжиж ажиллах боломжтойг хэлж байлаа.