Урт өвөл дуусч наранд биеэ ээх цаг ирлээ.
Наранд ямар нэгэн хамгаалах тос түрхэлгүйгээр удаан байх нь аюултай гэдэг. Гэхдээ нарны гэрэл хүний биед эерэгээр нөлөөлдөг хэд хэдэн учир шалтгаан бий. Гол нь та хагас цагаас илүү наранд байх бол заавал тос түрхэж хорт туяанаас хамгаалах хэрэгтэй. Тэрнээс богино тохиолдолд аль болох шууд арьсаараа наранд бай. Ингэх нь хэд хэдэн шалтгаантай.
1. Нарны гэрэл өглөө гүйцэд сэргээж орой хялбар унтуулна
Судалгаагаар өглөө нарны гэрэлд биеэ ээхэд нойрноос бүрэн сэргээдэг. Учир нь нарны гэрэл хүний тархинд өдөр боллоо гэдэг дохио өгснөөр мелатонин гормонийг ялгаруулахыг зогсоодог. Мелатонин нь хүний нойрыг зохицуулдаг юм. Ингэснээр өдрийн турш сэргэг болно. Харин орой болоход хуримтлагдсан мелатонин эрчимтэй ялгарч нойр сайн хүргэж амархан унтуулдаг байна. Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн (The National Institutes of Health) зөвлөснөөр өглөө нэг цаг наранд байвал орой маш сайн унтах болно гэжээ.
2. Өглөө наранд байх нь жингээ барихад тустай
Мэдээж шөнө сайн унтаж амрана гэдэг нь биеийн жингээ барихад тустай. Жин барихад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь чанартай унталт гэдгийг олон судалгаагаар баталсан.
3. Өвөл цагийн дарамт, хямралыг давахад нарны гэрэл тусална
Урт өвөл хүмүүсийг тодорхой хэмжээгээр бие сэтгэлийн хямралд оруулдаг. Тэгвэл энэнээс салах хамгийн сайн арга нь нарны гэрэл. Сэтгэл мэдрэлийн эмч нар үүнээс салахын тулд аль болох нарны гэрэлд байх, бүр зарим хүндэрсэн тохиолдолд нарыг орлох хурц гэрлээр шарах эмчилгээг санал болгодог байна.
4. Нарны гэрэл ясыг бэхжүүлнэ
Наранд шарах үед хүний бие витамин D-г үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр кальци биенд үүсч ясыг эрүүлжүүлж бэхжүүлнэ. Витамин D-г салмон загас, сүүн бүтээгдэхүүн зэргээс авч болох ч нарнаас авах нь хамгийн оновчтой арга юм. D витаминыг заримдаа “нарны гэрлийн витамин” ч гэж нэрлэдэг.
5. D витамин өвчнөөс сэргийлнэ
Эрдэмтэд D витаминыг хүний биед хэр их чухал болохыг судалжээ. Саяхан BMJ сэтгүүл дээр сая орчим хүн дээр хийсэн судалгаа, туршилтыг танилцуулсан байна. Түүний үр дүнд дурдсанаар D витамин бага байх тусам зүрх судасны өвчин, хорт хавдар тусах магадлал нэмэгдэж байжээ. Мөн D витаминыг авах хамгийн сайн арга нь хоол хүнс болон нарны гэрэл болохыг тогтоожээ.
Өөр нэг судалгаагаар D витамин нь хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байх магадлалтайг илрүүлсэн гэнэ.
6. Дэлхийн хүн амын нэлээд хувь нь D витамины дутагдалтай
Бостоны их сургуулийн профессор, D витамины эксперт Майкл Холикийн үзэж байгаагаар хүний биеийн эс бүхэн нарнаас витамин хүлээж авагч болдог гэнэ. Тэгэхээр хүмүүс байгалаасаа нарны гэрлээс витамин хүлээж авахаар бүтээгдсэн аж.
Гэтэл Харвардын Нийтийн эрүүл мэндийн сургуулийнхны үзэж байгаагаар дэлхийн бөмбөрцөг дээр Сан Францискогоос Филаделфиа, Афинаас Бээжинг холбосон шугамнаас хойш аж төрдөг хэдэн тэрбум хүн D витамины дутагдалтай байдаг гэнэ.
Та хэрвээ хэвийн арьстай бол өдөрт 15 минут наранд биеэ ээхэд л хэрэгцээт витаминаа авч чадна. Харин арьс тань бараан байх тусмаа энэ хугацаа нэмэгдэх шаардлагатай.
Мөн энэ 15 минутанд ямар нэгэн нарнаас хамгаалах тос түрхсэн бол үр дүнгүй болно. Бас хэт их жинтэй эсвэл настай хүмүүс нарнаас D витамин авахдаа муу байдаг.