Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар ‘Алтан гурвалжин-Хөгжлийн бүс’ зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх ‘Алтан гурвалжин’ загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Энэхүү ‘Хөгжлийн алтан гурвалжин’ бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний зорилт тавьсан байна.
Тэрбээр хэлэхдээ ‘Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ‘Хөгжлийн алтан гурвалжин’ бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласанаар ‘Хөгжлийн алтан гурвалжин’ бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ‘Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага’ сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон ‘Хөгжлийн алтан гурвалжин’-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.