Албани улсын Дуррес хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан цомыг эх орондоо авчирлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ний хооронд болсон энэхүү тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин, “Улаанбаатар Элит” сургуулийн 5б ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медаль хүртсэн бол 13 хүртэлх насны охидын ангилалд тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны ДМЭ Д.Мөнхзул түрүүлж мөн алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр манай улсын өсвөрийн шатарчид эх орондоо хос алтан медаль авчирсан байна.
Л.Очирбат нь өсвөрийн Ази тивийн аваргын алт, мөнгө, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 16 дахь удаагийн АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, сурагчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний алтан медальтай шатрын өсөх ирээдүйтэй тамирчин юм.