“Бишгүүр – 2018” улсын уралдаан боллоо

916
“Бишгүүр – 2018” улсын уралдаан Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хорооны ивээл дор өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдааныг “Жаргалан” цогцолбор сургууль, “Түлхүүр” төрийн бус байгууллага анх санаачлан НИТХ, НБ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.
Энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон хөдөө орон нутгийн 50 гаруй сургуулийн 1500 гаруй хүүхдүүд гоцлол хөгжим, Бишгүүрийн чуулга гэсэн ангиллаар оролцож, авьяастнуудаа тодрууллаа.
Тус уралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Нийгмийн Бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал үг хэлэхдээ, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хороо, НБГ, Түлхүүр ТББ хамтран 2017 онд Нийслэлийн 9 дүүргийн Төрийн ба Төрийн бус өмчийн 400 гаруй хөгжмийн багш нарт зориулсан бишгүүр хөгжим заах арга зүйн сургалтыг зохион байгуулж, Бишгүүрийн сурах бичиг пианако, бишгүүр хөгжмүүдээр үнэ төлбөргүй хангасан. Үүний үр дүнд багш нарын ур чадвар нэмэгдэж, хүүхдүүдийн бишгүүр хөгжимд дурлах, бишгүүр хөгжмөөр хичээллэх сонирхол өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.
Хөгжим бол хүүхдийн хүмүүжилд маш том хөрөнгө оруулалт болж байдгаараа ач холбогдолтой зүйл. Хөгжим нь тархины бүх хэсгийг хамарч хөгжүүлдэг гэдгийг сүүлийн үед эрдэмтэд олж тогтоосон. Математик, хими, физикийн олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд хөгжмийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд маш сайн амжилт гаргаж байгаа нь үүний нэгэн тод илрэл юм.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачдын зүгээс бишгүүр буюу үлээвэр хөгжим нь хүүхдийн уушгины багтаамжийг сайжруулж, амьсгалын замын эрхтнүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг зэрэг эрүүл мэндийн хувьд асар чухал ач холбогдолтой гэдгийг онцлон ярьж байна. Тиймээс хүүхэд бүрийг хөгжмийн боловсролтой болгохын тулд бишгүүрийн сургалтыг төрийн бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй юм” хэмээн цохон тэмдэглэлээ.