УИХ-ын ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “мэргэжлийн” Засгийн газрыг огцруулснаар дараагийн Засгийн газрыг томилох шаардлага үүсээд байна.
Хэрэв Засгийн газар огцорсон бол дараагийн Засгийн газрыг УИХ 30 хоногийн дотор нөхөн томилох хуулийн заалттай юм. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” хэмээн тусгажээ.
Мөн Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Гэвч УИХ дахь олонх буюу МАН-ын Их хурал хоёр сарын дараа хуралдаж, намын шинэ даргаа сонгоно, шинэ дарга нь Засгийн газраа тэргүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Харин намын Их хурал нь хуулийн хугацаанд хуралдаж амжихгүй бол Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй юм.