УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт туссан аялал жуулчлалын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж хамтран ажиллах тухай 10/1988 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ онцоллоо.
Мөн дахин 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлийг гаргуулж нийслэлийн Засаг даргатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоолын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хэрэгжүүлэн хүлээн авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ дурдав.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий компаниудын хууль бус ажиллагааг таслах зогсоох ажлын явц, цаашид салбарын яамны зүгээс баримталж байгаа бодлогын талаар тодруулав.
Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа хэмээн хариулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.