К. Косачев: Орос улс АНУ-тай сөргөлдөхөөс залхаж байна

391

МОСКВА. /TASS/. Орос улс АНУ-тай сөргөлдөхөөс залхаж байна, тиймээс Вашингтон бидний хувьд сайхан сэтгэлтэй түнш биш юмаа гэхэд ядаж прагматик түнш байвал баярлах болно. Энэ үгийг  “АНУ-ын шинэ засаг захиргааны үе дэх Орос-Америкийн харилцаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев хэлсэн байна.

Орос улс тулгамдсан дотоод асуудлуудаас ард түмнийхээ анхаарлыг холдуулахын тулд Америкийн эсрэг уур амьсгалыг зориуд хөөрөгдөн дэвэргэж байна гэж барууны мэдээллийн хэрэгслүүд, шинжээчид ярьж байгаа нь үндэслэлгүй гэж К.Косачев мэдэгдлээ. “Манай оронд сөргөлдөөнөөс бүгд залхсан, хэрвээ Атлантын далай, Берингийн хоолойн цаад талд сайхан сэтгэлт түнш биш юмаа гэхэд ядаж прагматик түнштэй болох юм бол бид тун баяртай байх болно” гэж тэрбээр тэмдэглэн хэлэв.

Мөн түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсан явдалд хөөрч баярлаад байгаа зүйл Орост байхгүй гэдгийг тэрбээр дурдсан байна. “Трамп бол өмнөх ерөнхийлөгч Барак Обамагаас өөр гэхээсээ илүү түүнтэй адил төстэй гэж үзэж байгаа, учир нь Цагаан ордны шинэ эзэн урьдын адил АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг хатуу хамгаалах бодолтой байна” гэж Косачев дүгнэжээ.

“Биднийг сарнай дэвссэн шулуун дардан зам хүлээгээгүй гэдэг нь тодорхой, гэхдээ Цагаан ордон шинэ эзэнтэй болсноор Оростой илүү бүтээлч харилцааг бий болгох боломж нээгдэж байгаа гэдгийг ноён Косачев нэмж дурдлаа.

                                                                                                             О.Барс