Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн Зөвлөл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын эсрэг тавьсан 1718 (2006) тоот хоригт шинэчлэлт оруулж, уг хоригт хамаарах хуулийн этгээдийн жагсаалтад 1 хувь хүн, 21 аж ахуйн нэгж, байгууллагыг нэмжээ. Хориг арга хэмжээний жагсаалтад орсон Цанг Юнг Юань нь гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэр бүхий 21 аж ахуйн нэгж гадаад худалдаа болон усан замын тээвэрлэлт, далайн хөлөг онгоцны бизнес эрхлэгчид байна.
Мөн уг тогтоолоор дээрх 21 аж ахуйн нэгжийн дотор багтсан Phyongchon Shipping and Marine болон Hapjanggang Shipping Corp компаниудын эдийн засгийн эх үүсвэр болох нийт 27 хөлөг онгоцны хөрөнгө санхүүгийн харилцааг царцаах, НҮБ-ын гишүүн улс орнуудын боомтод нэвтрүүлэхгүй байх хориг арга хэмжээнд хамрууллаа.
БНАСАУ-ын эсрэг тогтоосон НҮБ-ын 1718 (2006) хориг нь тус улсын цөмийн хөтөлбөрийн эсрэг тогтоогдсон бөгөөд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүд, дэлхий дахины нийтлэг эрх ашгийн эсрэг аливаа үйл ажиллагаа, тэдгээрийн нэрийн өмнөөс болон тусын тулд ажиллаж байгаа тус улсын иргэд, аж ахуйн нэгжээс гадна тэднийг дэмжсэн, тусалсан, хамтран ажилласан бусад улс орны хувь хүн, хуулийн этгээдэд ч мөнхүү хамаардаг юм. Хоригт 2009, 2013, 2014, 2016, 2017 онуудад нэмэлт оруулсан бөгөөд энэ удаагийн нэмэлтийг тооцсоноор жагсаалтад нийт 80 хувь хүн, 75 хуулийн этгээд хамрагдаад байна.
Иймд гадаад худалдаа, санхүүгийн олон улсын үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 (2006) хориг, түүний жагсаалттай сайтар танилцаж, сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд буюу үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд манай цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” цэсээр орж, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалттай танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай.