Технологи, интернет худалдааны мангас сүүлийн үед хэвлэлээр гараад буй Хятадын Жангши мужид амьдардаг Ма-тай ижилхэн төрхтэй, найман настай хүүд туслан сургалтын зардлыг даахаар болсон талаарх мэдээллийг үгүйсгэв.
Алибабагийн төлөөлөгчийн CNN-д мэдээлснээр энэ мэдээ нь ор үндэсгүй худал юм байна. Мини Ма хүүгийн жинхэнэ нэрийг Фан Шиао шин гэдэг бөгөөд Хятадын Синь Хуа агентлагийн мэдээлснээр 2014 онд анх түүний зураг интернетэд цацагджээ. . Хүүгийн зургуудыг 52 настай Жак Матай харьцуулан тавьснаар бүх зүйл эхэлж Жак Ма ч хүүг өөртэй нь адилхан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр өнгөрсөн жил Вэйбод энэ талаар бичихдээ:
“Би түүний зургийг анх хараад л өөрийнхөө багын зурагтай адилхан болохыг анзаарсан. Яг л толинд харж байгаа юм шиг” гэжээ.
Хэвлэлээр Жак Маг хүүд санхүүгийн тусламж үзүүлнэ хэмээн маш их шуугисан бөгөөд хүүгийн их сургуулийн төлбөрийг даана гэж мэдээлэх болжээ. Синь Хуа агентлагийн мэдээлснээр Фан хүү хүнд хэцүү нөхцөлд амьдардаг аж. Бяцхан Фан болон түүний ах сургуульд хамрагдаж үзээгүй бөгөөд ээж нь полио хэмээх халдварт өвчин туссан бол аав нь ослоор тахир дутуу болсон аж.
Алибабагийн мэдэгдсэнээр Фан хүүгийн амьдралын нөхцөл Хятадын алслагдсан хөдөө нутаг дахь ядуурал болон боловсролын хүртээмжгүй байдлыг харуулсан гэв. Тус компанийн төлөөлөгч цааш хэлэхдээ:
“Үүнийг тоглоом шоглоом болгох хэрэггүй. Бяцхан Ма-гийн амьдрал нь үнэн бодит байдлыг илэрхийлсэн. Манай нийгэмд маш олон хүмүүс ядуу зүдүү амьдарч байгаа. Хөдөөгийн тосгонуудад амьдарч буй цагаач ажилчдын маш олон хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна. Нэг хүүхдийн боловсролын санхүүгийн асуудлыг шийдэх бол амархан. Гэвч тэдгээр олон мянган хүүхдэд туслахын тулд илүү их хөрөнгө, нөөц шаардлагатай ” гэв.
Жак Ма-гийн 2014 онд үүсгэн байгуулсан сан нь энэ жилийн Хятадын алсдагдсан хөдөө нутгийн багш нарт 1,6 сая ам.долларыг хандивласан байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: CNNMoney