УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 82 хувийн саналаар дэмжлэг хүлээн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг хуулийн төслийг УИХ-аар баталсан нөхцөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байх юм.
Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Төрийн албан хаагчдыг хоморголон халж байна. М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын наймаа арилжаа чинь бодит байдалд биеллээ олж байгаа юм биш үү. Тодорхой хэмжээнд халаа сэлгээ байх байлгүй гэж хүлээцтэй хандсан, сүүлдээ цэвэрлэгчийг хүртэл халж байна. Энэ чинь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэж байгаа юм уу. Иргэнийхээ Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг баталгаажуулах юм оруулж ирэх ёстой.
Хууль санаачлагч Я.Содбаатар:
– Өнгөрсөн дөрвөн жилийн өмнө та бүхэн хуульгүй мэт оройлж, нэг өдөр 28 хүнийг халж байсан. Энэ тушаалыг та гаргаж байсан. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр чуулганы танхимд микрофон ашиглаж ярих хэрэггүй байх. Чөлөөлөгдсөн хүмүүсийн тухайд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхээр явах эрх нь бий.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Би дэмжихгүй, хуулийн төслийг. Иргэд яаж ажил олъё, яаж хөдөлмөрлөх вэ гээд учраа олохгүй байхад дахиад амаръя гэж байна. Чингис хааны төрсөн өдөр Ардчилсан намынхан баярласан, арваннэгдүгээр сарын 26-ны өдөр МАН-ынхан л баярлана. Энэ баярууд нь хоёр намын л баяр. Баярын өдөр нэмэгдэхэд түмэн олон баярлахгүй. Яаж амрахгүйгээр бор өдөр, шар өдрийг өнгөрөөе гэж байтал дахиад л баяр. Иргэд баярлах биш дэндүү гомдоно шүү. Энэ өдөр арслангаар гинжилсэн хөшөөндөө цэцэг өргөнө, хийдэг юмаа л хийнэ. Зөв сэрэхүйн мэдрэмжээр нэг хараадхаач. Энэ шийдвэр дэндүү бухимдал төрүүлнэ гэсэн юм. Гэвч энэ асуудлыг маргааш дахин хэлэлцэнэ.