Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2016.11.16/ хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонссон юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хятадын Засгийн газраас 35 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр зүтгүүр авсан. Гэтэл одоо хүртэл ашиглахгүй байгаа. Хөдөлдөггүй зүтгүүр авсан байгаа юм. Тэгээд болоогүй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт оруулаад ирсэн. Зээлээр зүтгүүр авах шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Одоо хөдлөхгүй байгаа нь үнэн үү. Зээлээр авсан зүтгүүрээ буцааж өгч болох юм уу. Зүтгүүр авна гэдэг шийдвэр гаргасан, төмөр замын алдаатай бодлого явуулсан хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ гэдгийг яамныхнаас асуусан.
Энэ асуултад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:
–Төмөртийн төмөр зам дээр гурван зүтгүүр ажиллаж байгаа. Зээлээр авсан хоёр зүтгүүрийг асаах үүрэг даалгаврыг Монголын төмөр зам компанид өгсөн. Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн дутагдалтай байгаа. Тиймээс ОХУ-аас түрээсийн зүтгүүр авах хүсэлт тавьсан байдаг. Иймд одоо ажиллахгүй байгаа хоёр зүтгүүрээ асаагаад Улаанбаатар төмөр замд ашиглуулах үүрэг өгсөн. Гэтэл 2009 онд Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны хурлаар Монголын төмөр зам дээр Хятадын зүтгүүр явуулахгүй гэдэг шийдвэр гаргасан байдаг. Ерөнхий хорооны тэрхүү шийдвэрийг өөрчлөх саналтай байна. Энэ шийдвэрийг өөрчилж байж зээлээр авсан хоёр зүтгүүрээ УБТЗ-д ашиглуулах боломж бүрдэнэ гэсэн хариултыг өгч байлаа.
Т.ДАВААНЯМ