“FRC Plus Investment” илтгэлийн уралдааны ялагч баасан гарагт тодорно

1418
Санхүүгийн зохицуулах хорооноос “FRC Plus Investment” илтгэлийн уралдааныг “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж” болон “Fintech – Хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа. Тэгвэл уралдааны сүүлийн шатны шалгаруулалт энэ баасан гарагт Монголбанкны байранд болох бөгөөд шалгаруулалтыг үзэх сонирхолтой иргэдийг маргааш ажлын цаг дуустал бүртгэж байна. Бүртгүүлэгчид өөрийн овог, нэр болон регистрийн дугаарыг frcplus@frc.mn хаягаар ирүүлэх буюу 51-261893 дугаараар холбогдож болно.
Энэхүү уралдааны нэгдүгээр шатанд, оролцогчдын илтгэлийн хуурангуйг цахимаар хүлээн авч, шалгуур хангасан оролцогчдыг дараагийн шатанд шалгаруулсан бол хоёрдугаар шатанд эхний шатны шалгуурыг давсан оролцогчдыг СЗХ-ны байран дээр шүүж, эцсийн шатанд шилдэг зургаан оролцогчийг тодруулсан юм. Эдгээр шалгарсан оролцогчид өөрийн илтгэлээ шүүгчид болон үзэгчдэд уран яруу, чадварлагаар танилцуулах бөгөөд тэдний дундаас гурван илтгэгчийг олон нийтэд нээлттэй байдлаар энэ сарын 27-нд буюу баасан гарагт шалгаруулна.
Хорооноос хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн ажил, амьдралын туршлага, мэдлэг, судлаачдын хөрөнгийн зах зээлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын боломжууд, тэдгээрээс хүртэх өгөөж, хүлээх эрсдэлийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилгоор зохион байгуулж уг уралдааныг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Жич: Хүрэлцэн ирж үзэх иргэд өөрийн иргэний үнэмлэхийг шалгуулж Монголбанк руу нэвтрэнэ.