Малчдын 35 мянган хүүхэд гэр бүлээсээ тусдаа амьдарч байна

824

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Дотуур байрны хүрэлцээ хангамж, орчин үйлчилгээний хангалтгүй байдал зэргээс шалтгаалан ихэнх малчдын хүүхдүүд дотуур байранд биш, айл хамаатан садныдаа, айлын хашаанд тусдаа гар барин бие дааж, айлын ууган хүүхэд нь дүү нараа асран амьдарч буй бол нилээд малчин өрхийн эхнэр, нөхрүүд хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч буй юм байна.

Айлын эхнэр, нөхөр хоёр хичээлийн жилийн турш тусдаа амьдрах энэ үзэгдлийг гадны ямар ч мэргэжилтэн ойлгодоггүй байна. Бие холдвол сэтгэл гэдэгчлэн хүүхдэдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд тусдаа амьдарч буй гэр бүлийн хойшдын ирээдүй баталгаатай юу гэдэг анхаарал татаж байгаа юм.

2017-2018 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчны хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ажээ. Суманд амьдарч буй хүүхдийн тоо нь сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоотой ерөнхийдөө ойролцоо байдаг аж. Улсын хэмжээнд дахин 35 мянга гаруй хүүхэд айлд амьдарч байх магадлалтай юм байна.

Эдгээр хүүхдүүдийн тоог тухайн сургуулийн нийгмийн ажилтан хөтлөөд явдаг жишиг тогтсон байна. Харин өрх тусгаарлан сумандаа бие даан амьдарч байгаа хүүхдүүд, хөдөө мал дээр нөхрөө орхиод хүүхдүүдээ асарч буй эхнэрүүдийн талаар олигтой судалгаа, баримт байдаггүй байна.

Монгол Улс анх мянганы зорилтоо дэвшүүлэхдээ дотуур байрны хүүхдийн тоог 2.1 дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавихад ‘Хүүхэд ямар ч үед гэртээ амьдрах ёстой’ гэж үздэг барууныхан төдийлөн ойлгохгүй байжээ.