-Төрийн албанд ажиллаж байгаа таван мянган хүнийг солилоо гэхэд тэр хэмжээний ур чадвартай хүн манай улсад байхгүй-
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” батлагдсантай холбогдуулж, Монгол Улс “Тогтвортой хөгжлийн баримт бичиг 2030”-ыг баталсан. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр тогтвортой хөгжлийг хэрхэн хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяртай ярилцлаа.
-Тогтвортой хөгжил гэж юуг хэлэх вэ? Улс орон тогтвортой хөгжиж байгаа ямар шалгуур үзүүлэлтээр хэмжих вэ?
-Тогтвортой хөгжил гэдэг нь төрөлжсөн эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх тухай асуудал байна, төр засаг ард иргэдээ бүх талаар нь дэмжсэн харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулах тухай асуудлыг хэлдэг. Улс орнууд бол янз бүрийн арга замаар хөгжиж байгаа. Тухайлбал, зарим орнууд байгалийн баялаг дээр тулгуурлан хөгжиж байна. Харин Европын орнууд бол үйлдвэрлэлээ хөгжүүлээд эдийн засаг нь өсөөд явж байгаа жишээ бий. Хөгжиж буй орнууд байгалийн нөхцөл байдалд тулгуурлаж хөдөө аж ахуй болон, уул уурхайн бүтээгдэхүүн дээр тулгуурлаж байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт түшиглэж байна. Тэгэхээр тодорхой нэг төрлийн салбарт түшиглэсэн улс орнуудийн эдийн засгийн өсөлт маш их савлагаатай байдаг. Баялаг нь үнэ цэнэтэй байх үед өсөөд үнэ цэнэ буурсан үед эдийн засаг нь саардаг. Энэ байдал нийгэмд сөрөг үр дагавартай. Баялаг нь үнэ цэнэ хүрсэн үед иргэдийн амжиргаа сайжраад явдаг. Баялаг үнэ цэнээ алдсан үед ажилгүйдэл нэмэгдээд байдаг. Тиймээс ганцхан салбараас хараат байхгүйгээр эдийн засгийн өсөлтийг тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд Монгол Улс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх явдал юм.
-“Тогтвортой хөгжлийн баримт бичиг 2030”-д эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах асуудал багтсан гэлээ. Гэтэл Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас хараат байдаг гэж хэлж болно. Үүнийг сааруулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Манай улсын эдийн засаг ямар учраас савлагаатай байна вэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн өөрчлөлтөөс хамааралтай байдаг. Түүхий эдийн үнэ сайн байгаад хөрөнгө оруулат сайн орж ирсэн үед эдийн засгийн өсөлт сайжирдаг. Эргээд түүхий эдийн үнэ ханш буурах үед эдийн засгийн өсөлт хасах руу ордог. Энэ хамааралт байдлаас үүдээд компаниуд үр ашиггүй байдал, ажилгүйдэл үүсээд байгаа юм. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Цаашид бид хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудалд анхаарах ёстой. 2015,2 016 оны экспортын хэмжээг харах юм бол 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. 7-8 хувийг ноос, ноолуур, мах, өлөн гэдэс гэх мэт бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ хувийн жинг нэмэгдүүлэх шаардлагатай. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбар 14-15 хувийг эзэлдэг. Энэ тоог 20-25 хувьд хүргэх юм бол эдийн засгийн савлагаа багасах юм. Хөдөө аж ахуйн салбар бол гадаад зах зээлээс хамаарал багатай бие даасан салбар юм. Энэ салбар хүчтэй байгаад ДНБ-ний эзлэх хувийн жин их байвал эдийн засгийн уналт багасна.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлж, Монгол брэнд бий болгох талаар нэлээд ярьсан. Тэр ч утгаараа Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан. Гэтэл одоо болтол ченжүүд дундаас нь ашиг олсон хэвээр байна шүү дээ.
-Анхдагч түүхий эдээс эхлээд экспортын бүтээгдэхүүн болж гарах хүртэл нэлээд олон шат дамжлага дамждаг. Хөдөө аж ахуйн бирж бол арилжаа явуулж байгаа жижиг талбар юм. Энэ бирж дангаар ажиллаад хувь нэмэр багатай. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гарч чадахгүй байгаа гол шалтгаан бол бидэнтэй холбоотой.
-Яг юунаас болоод байна вэ? Малын эрүүл мэнд болон махны чанар стандарттай холбоотой юу?
-Малын эрүүл мэндийн байдал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Малын гоц халдварт өвчин бол дэлхий нийтийн болгоомжилдог асуудал. Малын өвчин жил бүр гараад байгаа нь бидний хариуцлагатай холбоотой. Малын халдварт өвчинг зохистой хэмжээнд багасгах боломж бий. Гэвч бид хийж чадахгүй байна. Учир нь анхан шатны нэгж буюу сумдад хувийн мал эмнэлэг үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл мал сүрэг 70 саяд хүрээд байна. Мал болгоны араас хувийн хэвшил санаа тавьж явахгүй. Хувийн хэвшил зөвхөн төлбөртэй үйлчилгээ явуулдаг. Тэгэхээр улс өөрөө экспортоо дэмжих бодлого барьж байгаа бол сумдад мал эмнэлэг байгуулах хэрэгтэй. Ингэснээр малын гоц халдвар гардаг бүсэд тандалт судалгаа хийж хяналтад байгах ёстой юм.
Мөн дээр нь мах боловсруулах ажиллагаа ямар ч стандартын шаардлага хангахгүй байгаа. Мах боловсруулахад ямар доголдол гарч байна вэ гэхээр нядалгаанд орж байгаа малынхаа гарал үүслийг нотолж чаддаггүй. Туувраар ирсэн мал Хөвсгөл юм уу Архангайгаас ирсэн бол халдварын голомт байхгүй. Гэтэл Сүхбаатар Хэнтий аймагт малын гоц халдварт өвчин түлхүү гардаг. Иймд гарал үүслийг нотолж байж халдвартай газраас мах аваагүй гэдгээ баталгаажуулж экспортлох ёстой болдог. Энэ мэт асуудал их байна. Тиймээс гарал үүслийг нь тогтоож чадахгүй юм гэхэд аймгуудаа бүсчлэх хэрэгтэй. Ингэснээр зүүн бүсийн аймгуудаас экспортын мах авахгүй зөвхөн өөрсдийн хэрэгцээт хүнсээ хангадаг байх. Халдварт өвчний гаралт харьцангуй бага төвийн бүсээс мах бэлтгэж болно. Үүний зэрэгцээ төвийн бүсийн нутаг дэвсгэрт өөр бүсээс мал оруулахгүй байхад анхаарал хандуулах шаардлагатай. Үүнийхээ дараа мах авах сонирхолтой байгаа ОХУ, Хятад улсын төлөөлөлийг уриад, экспортын махаа зөвхөн төвийн бүсээс бэлтгэнэ. Энэ бүс нутагт сүүлийн 10 жил гоц халдварт өвчин гараагүй гэдгийг нотлон харуулах хэрэгтэй. Дээр нь мэргэжлийн хяналт, орон нутгийн оршин суугчид хамтраад халдвартай бүс нутгаас мал оруулахгүй байхад анхаарал хандуулах бодлого явуулах ёстой.
-2010 онд аймгуудыг бүсчлэх тогтоол гарч байсан шүү дээ. Тэгэхээр тогтоол нь байгаа юм чинь одоо олон улсад нотолж харуулах ёстой гэсэн үг үү?
-Тийм. Олон улсад нотолж харуулах ёстой. Хамгийн гол нь эрсдэлтэй халдварт өвчин гараад байгаа зүүн гурван аймгаас бусад аймгийн нутаг дэвсгэрт мал оруулахгүй гэдэг хорио цээр хэрэгтэй. Зүүн бүсийн малыг өөрийн нутаг дэвсгэрт оруулсан бол аймгийн удирдлага болоод тухайн малчинд хариуцлага тооцдог болох хэрэгтэй.
-Дөрвөн жил тутамд төрийн албанд халаа сэлгээ хийгддэг гэж хэлж болно. Энэ асуудал тогтвортой хөгжилд нөлөөлөх үү?
-Хөгжиж байгаа орнуудад энэ асуудал маш хүчтэй нөлөөлнө. Өндөр хөгжилтэй орнуудад тодорхой хэмжээгээр ийм өөрчлөлт байна. Гэхдээ тэр орнуудын боловсролын тогтолцоо нь хангалттай хөгжсөн учраас төрийн албан хаагчид нь шаардлагын түвшинд хүртэл боловсроод мэргэшсэн байдаг. Хөгжиж буй орнуудын төрийн албанд харьцангуй цөөн хүн ажиллаж байна. Манай улсын хувьд сонгуулийн дараа яам, агентлагын баг хамт олон солигдлоо гэхэд дараа дараагийн орж ирэх нөөц бага байдаг. Төсвийн байгууллагад 160 орчим мянган хүн ажиллаж байгаа гэдэг боловч үүний 10 хувь нь төрийн захиргааны байгууллагад ажилладаг. Төрийн албанд ажиллаж байгаа 5 мянган хүнийг солилоо гэхэд тэр хэмжээний ур чадвартай хүн манай улсад байхгүй. Манай улсын боловсролын систем сул байна. Мөн дээр нь төрийн албанд тодорхой хэмжээний мэргэшсэн хүмүүс ажиллах ёстой. Гэтэл шинээр орж ирж байгаа хүмүүс богино хугацаанд мэргэшиж чадахгүй. Иймд цаашид энэ тогтолцоог өөрчлөхийн тулд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д багтсан засаглалаа хэрхэн тогтворжуулах вэ гэдэг зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Мөн дээр намуудын үүрэг оролцоо хамгийн чухал. Намууд бодлогоор боловсон хүчнийг өөрчлөөд дэвшил авч ирж байна уу, хохирол авч ирж байна уу гэдгээ бодох ёстой. Өнгөрсөн жилүүдэд бол намын харьяаллаар өөрчилсөн. Гэтэл ирж байгаа хүмүүс нь өмнөх бодлогыг хэвээр нь авч үлдэх үү үгүй юу гэдэг тухай бодоогүй. Энэ байдал эдийн засгийн өсөлтийн савлагаанд нөлөөлсөн. Тэр утгаараа олон улсын байгууллага төрийн алба хэр зэрэг савлаж байгаад анхаарал хандуулдаг болсон байна. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид сонгуулийн өмнө хөрөнгө оруулалтаа зогсоож байна. Сонгуулийн үр дүнгээр гарсан нам бодлогоо зарлаж байж гадны хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг болжээ.
-Тэгвэл улс төрийн намууд гол бурууг Үндсэн хуультай хамаатуулдаг. Хэрэв Үндсэн хуулиа өөрчилчихвөл засаглалын хямрал байхгүй болно гэж тайлбарлах түшээд ч бий. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ асуудал дээр би иргэн хүний хувьд байр сууриа илэрхийлье. Энэ асуудлыг судлаач хүний нүдээр харах, иргэн хүний нүдээр харах, улс төрийн өцгөөр харах өөр хоорондоо ялгаатай. Иргэд бол улс төрийн нам болохгүй байна гэж хардаг. Улс төрийн намууд Үндсэн хуультай холбоотой гэдэг. Миний ажиглаж байгаагаар 1990-ээд онд Үндсэн хууль боловсруулахдаа хоёр улсын Үндсэн хуулийг холиод авсан байдаг. Манай Үндсэн хууль бол Англи, Америкийн загвар биш. Яг эх газрын буюу Германы загвар биш. Энэ хоёрыг хольсон загвар байхгүй юу. Хэрэв бид Англи, Америкийн загвараар явсан бол Засгийн газар хүчтэй байх ёстой. Гүйцэтгэх засаглалтай улс оронд Засгийн газар нь эрх мэдэлтэй байдаг. Барууны оронд Ерөнхийлөгч нь Засгийн газраас тэргүүлж байна. Японд бол Ерөнхий сайд нь парламентаа татан буулгах эрхтэй. Энэ бол Англи, Америкийн загвар. Гэтэл манай Үндсэн хууль хоёр загвараас холиод оруулчихсан. Энэ нь хэр сайн ажиллахыг туршаагүй шууд баталсан. Яг ийм хольсон загвартай улс орнууд хэр олон байдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Одоо бол тал эрх мэдэл нь Ерөнхийлөгч дээр, тал эрх мэдэл нь Засгийн газарт байдаг. Гэсэн атал манай улс парлатентын засаглалтай улс орон. Ингээд гурван эрх мэдлийг холиод ирэхээр тэнцвэртэй ажилж чаддаггүй юм байна. Эрх мэдэл олон хуваагдах тусам хоорондоо зөрчилддөг юм байна. Тиймээс миний бодлоор тууштай сонголт хийх ёстой.
-НҮБ-аас санаачлан Мянганы хөгжлийн зорилтыг өмнө нь баталж хэрэгжүүлсэн. Энэ зорилт тийм ч сайн хэрэгжээгүй гэсэн шүүмжлэл тухайн үед гарч байсан. Тэгвэл одоо “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг үр дүнд хүргэхийн тулд яах ёстой вэ?
-“Мянганы хөгжлийн зорилт” бол илүү нийгмийн шинж чанартай зорилтууд багтсан байсан. Монгол Улс ч мөн адил нийгмийн чиглэлтэй бодлого баталсан. Ингээд 2015 он хүртэл олон улсын байгууллагууд “Мянганы хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан гэж үзээд дараагийн шинэ шатны бодлогоо дэвшүүлсэн. Өнгөрсөн 2015 оны есдүгээр сард НҮБ-ын чуулганаар “Тогтвортой хөгжлийн баримт бичиг”-ийг батлан гаргасан. Энэ баримт бичгийг боловсруулах явц маш удаан үргэлжилсэн. Үндсэндээ 4-5 жил боловсруулсан. Уг ажилд зөвхөн НҮБ дангаараа оролцоогүй. “Дэлхийн банк”, “Европын хөгжлийн банк”, “Европын холбоо” гэх мэт маш олон байгууллага оролцсон. Тэр ч утгаараа тавьсан зорилтууд нь олон талын үзэл баримтлалыг багтааж чадсан гэж дэлхийн улс орнууд дүгнэж байна. Тухайлбал, боловсрол, эрүүүл мэнд байгаль орчин, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, засаглалын асуудал гэх мэт. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Тогтвортой хөгжлийн баримт бичиг 2030”-т нь НҮБ-ийн гаргасан баримт бичигтэй уялдаатай. Гэхдээ Монгол Улс эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, засаглалын тогтвортой хөгжил гэсэн дөрвөн салбарыг голлож байгаа. Тэгэхээр урьд нь хэрэгжүүлж байсан “Мянганы хөгжлийн зорилт”-оос бид сургамж авч байгаа. Өмнөх бодлогын гол алдаа нь тодорхой нэг салбарыг зөвхөн тэр салбарт хариуцуулдаг байсан. Ядуурлын асуудалд зөвхөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам анхаарал хандуулна гэх мэт. Энэ өргөн хүрээтэй зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй салбар хоорондын асуудал гарч ирдэг. Тиймээс үүнийг залруулах ёстой.