УИХ-ын өнөөдрийн /2016.11.17/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Хүний эрхийн комиссиын гишүүн, Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Элчин сайд нарын томилгоотой холбоотойгоор гишүүд санал хэлсэн юм. Түүн дотор С.Баярт хаяглан хэлэх үг УИХ-ын цөөнгүй гишүүнд байв. С.Баяр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Шинээр томилогдсон Элчин сайдуудын дунд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн байгаа нь зарим нэг гишүүдэд таалагдаагүй бол зарим нь туршлага, мэдлэгийг нь Монголын төр ашиглах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
О.Баасанхүү: Гадаадад байгаа монгол иргэд Элчин сайдын яамтайгаа мэддэггүй, ач холбогдлыг нь ойлгодоггүй. Та нар минь гүүр болж ажиллаарай. Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн Элчин сайдаар томилогдож байна. Тэнд дарга болох гэж биш иргэддээ үйлчлэх гэж очиж байгаа шүү, та нар. Улс орныхоо нүүр царайг зөв гаргаж өгөөрэй гэж хүсмээр байна.
Ц.Даваасүрэн: Энэ дотор яваа хоёр нөхрийг улс орныхоо төлөө сайн ажиллаасай гэж бодож байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд хийж явсан улс компанийн зөвлөх хийгээд, Элчин сайд болоод доошоо ороод явах юм. Юугаа ч өгөхөд бэлэн байдалд улс орноо оруулсан хүмүүс шүү. “Оюутолгой” Монгол Улсын орлогод зургаахан хувь үүрч байна. Валютын ханш өдрөөс өдөрт цагаас цагт өсч байгаа. Гэтэл “Оюутолгой” ашиг алга. “Оюутолгой”-г дагаж орж ирнэ гэсэн хөрөнгө оруулагчид нь хаана байна. Өөрсдийнхөө өчүүхэн жаахан эрх ашгийн төлөө улсаа хорлож байна. Энэ томилгоо бол улстөрчид яаж хуйвалддаг вэ гэдгийг харуулж байна. Тэр хоёр хүнийг Монголоос явуулж шийтгэж байгаа юм уу, эсвэл шагнаж байгаа юм уу.
Ө.Энхтүвшин: Олон жил Элчин сайд хийсэн хүмүүс бий. Монголд амьдрахаасаа илүү гадаадад амьдарсан Элчин сайд нар цөөнгүй. Тэр хүмүүсийн ажлыг дүгнэж үзсэн үү. Зарим Элчин сайдууд дарга нар дагаад л гүйгээд байдаг. Гэтэл иргэддээ болохоор хаалгаа нээж өгөхгүй байна.
Ц.Мөнх-Оргил: Элчин сайд нарын хийсэн ажлыг нь Ерөнхийлөгчтэй хэлэлцээд, дүгнээд явдаг. Дипломат төлөөлөгчийн газрууд дутуу ажиллаж байгаа юм бий, түүнийг үгүйсгэхгүй. Гадаадын 68 улсад 130 мянган гаруй хүн ажиллаж, сурч байна. Тиймээс гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиг үүргийг бүх дипломат төлөөлөгчийн газруудад өгсөн.
Х.Болорчулуун: С.Баярыг дэмжихгүй байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, “Оюутолгой”-н гэрээг Монголд ашиггүй хийсэн. Та тэр үед намын дарга байсан, намынхныгаа дарамталж байгаад гэрээ хийлгэсэн шүү. Хар толгойгоороо хариуцна гэсэн үг та хэлж байсан. Таны хар толгой хариуцахгүй ээ, иргэд өлөн ходоодоороо өртөгийг нь төлж байгаа шүү. Мөн сонгуулийн будилаанаас болж таван амь, таван хүний бүлээн цус урссан. Энэ хүмүүсийн хоёр нь Дорнодын хүн байсан шүү. Та гараа энгэртээ зөрүүлчихээд, бохь зажлаад их пээдгэр сууж байна. Хоёрдугаарт, М.Энхсайханыг дэмжихгүй. Та Монголын эдийн засгийг нураасан хүн шүү.
Д.Тэрбишдавга: Элчин сайдуудыг бөөндөхөө болимоор байна. Элчин сайдаар орж ирсэн 10 хүнээс асуумаар зүйл байна шүү дээ. Улсын нууцтай ажиллаж байсан ТЕГ-ын дарга нарыг буусан хойно нь гадагшаа явуулаад байх нь зөв юм уу.
Л.Болд: Д.Тэрбишдавгын хэлсэн санаа зөв. Үнэхээр бөөнддөг. Бөөндөхөөр улс төрийн наймаа болж харагдаад байгаа юм. Үүнийг засах гэдэгтээ санал нэг байгаа. Элчин сайдуудаар томилогдож байгаа хүмүүсийн үгийг сонсоё.
С.Баяр: Энэ сайхан танхимд үг хэлэх бололцоо олдсонд баяртай байна. Томилогдох гэж байгаа орондоо юу хийх вэ гэдгээ би бодож байна. УИХ-ын зарим гишүүдээс надад хандаж үг хэлсэнтэй холбоотойгоор байр сууриа хэлье. Надад бол маш олон зааг хязгаар байгаа. “Оюутолгой”-н гэрээг хоёр гишүүн буруутгаж байна. Энэ гэрээг би байгуулсан юм биш ээ. Ерөнхий сайдын хувьд энэ гэрээг байгуулснаар би бахархдаг. “Оюутолгой” Монголын төсөвт хамгийн их татвар төлж байгаа компани. Төсөвт төлсөн мөнгөөр нь тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө Монгол Улс тавьж байна. Түүний дотор Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин бас эндээс тавигдаж байгаа байх. Гэрээг сайжруулах эрх засгийн эрх барьж байгаа намд нээлттэй байгаа шүү дээ.
М.Энхсайхан: Шведын вант улсад хойд Европын орнууд хамаарах юм билээ. Хүйтэн дайны үед дулаахан харилцаатай цөөхөн хэдэн орны нэг хэсэг нь хойд Европын орнууд байдаг.
Р.Болд: Турк-Монголын харилцаа өөрийн онцлогтой. Сүүлийн үед бүр идэвхжиж байна. Монгол-Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааг ямар замаар хөгжүүлэх талаар анхаарч ажиллана. Туркт 400 гаруй монгол оюутан сурдаг. Боловсролын чиглэлээр яаж хамтарч ажиллахыг судалж үзнэ.
Д.Билэгдорж: Вьетнам-Монголын харилцаа эртнийх. Энэ харилцаагаа идэвхжүүлж ажиллана. Вьетнам АСЕМ-ын гишүүн орон. АСЕМ-Монголын харилцааг үргэжлүүлэхэд гүүр болгох чиглэлээр хамтарч ажиллана.
О.Оч: Бельгийн Вант Улсууд буюу гуравдагч хөршүүдтэй эдийн засгийн харилцаагаа сайжруулахад анхаарна.
Н.Наранбат: Чех улстай хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудлыг урагшлуулахад анхаарал тавина. Монгол судлалыг хөгжүүлэхэд мөн анхаарна. 5600 хүн Чехэд амьдарч байгаа гэсэн тооцоо байна. Иргэддээ нээлттэй, түргэн шуурхай үйлчилнэ.
Г.Баттунгалаг: Австри улсад сурах оюутнуудыг тоог нэмэх талаар анхаарч ажиллана. Эдийн засгийн харилцааг сайжруулахад анхаарна.
Д.Батсайхан: Болгар-Монгол уламжлалт харилцаатай. Худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх шаардлага бий.
З.Чинтүшиг: Кувейтын Элчин сайдаар томилогдвол 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.
Л.Баттулга: Казахстан улстай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаарна.
Д.Пүрэвдорж: “Эрдэнэт”-ийн асуудал улс төрийн хүрээнд талцал үүсгээд байгаа. Би 49 хувь Монголд ирснийг зөв гэсэн байр суурьтай байдаг. Танай найзаас болж Монголд өрөнд орох юм бол, Монголын төрөөс нэг доллар гарах юм бол тантай асуудал ярина шүү.
С.Баяр: Асуулт, захиас гэж ойлгож авлаа. УИХ хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Тэглээ гээд хүн гүтгэж болохгүй, гишүүнээ. Миний хувьд Ерөнхий сайд байхдаа ямар нэгэн барьцаа зээлтэй холбоотой хулуь бус зүйл хийгээгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэе. Арбитрын шүүх дээр юу болсон гэж хэлээгүй байна. Элчин сайд өөрийнхөө санаж бодсоноор биш төр засгийн даалгавраар ажилладаг.
Т.Аюурсайхан: Та даалгавар өгч гэрээ байгуулсан С.Баярцогт гэрээ байгуулах цагтай давхцаад гадаадад оффшор данс нээсэн байдаг. Таны хажууд сууж байгаа М.Энхсайхан Дубайн гэрээ гээд бүр дордуулсан. Тэгэхээр С.Баяр та оффшорын талаар юу гэж боддог вэ. Улстөрчид, улстөрчдийн ах дүү нар оффшорт данс эзэмшихийг та юу гэж боддог вэ?
С.Баяр: Надад ямар нэгэн оффшор данс байхгүй. Улстөрч хүн ямар нэгэн оффшор данстай байхыг буруу гэж боддог. Би хуулийн дагуу амьдарч байгаа. Оффшор данстай холбоотой асуудлаар би Монгол Улсын хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн. Ямар нэгэн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэсэн юм.
Асуулт, хариултын дараа санал хурааж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг, Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг, Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд, Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч, Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилохыг олонх дэмжлээ.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.