Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бичсэн Эх дагина Ц.Дондогдуламын тухай “Хүйлэн огторгуйн заадас буюу Эх дагины өчил” романы нээлт “Аз хур” номын их дэлгүүрт боллоо.
Зохиолч долоон жилийн өмнөөс Эх дагины тухай романыхаа судалгааны ажлыг эхэлж, Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, Балдан Брэвун хийд зэрэг бусад түүхэн газруудаар явж, нутгийн хүмүүстэй уулзаж аман судалгаа хийжээ. “Хүйлэн огторгуйн заадас” роман хоёр шугамаар өрнөж, Эх дагина нэгдүгээр биеэс хүүрнэж, хоёр дахь шугамд Богд хааны тухай, тухайн үеийн түүхэн хүүрнэл, “Үүлэн хээтэй орчлон” романы баатруудын амьдрал давхар өрнөдөг ажээ.
Романы шашны зөвлөхөөр Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба, гэвш Д.Тайвансайхан, түүхийн зөвлөхөөр доктор Д.Энхцэцэг нар ажиллажээ.
Номын хавтасны Цагаан дара бурханы дүрийг одоо Хөх хотод ажиллаж буй зураач Ч.Солонго зурсан байна.
Номын хуримд дэлхийн аварга, МУГТ П.Орхон, “Гарьд магнай” кинонд Эх дагины дүр бүтээсэн МУГЖ, жүжигчин С.Чойжилсүрэн, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, бурханч Д.Ухаанзаяа, Хуримын ордны захирал асан СГЗ Б.Оюунчимэг, “Монгол костюмс”ын захирал Н.Сувд, СТА щ, жүжигчин А.Цэгмэд, жүжигчин Т.Өөдөө нарын зэрэг хүндтэй зочид оролцжээ. Мөн, СТА дуучин Т.Алтантүлхүүр Эх дагины хувцсыг өмсөн ая барьж, кино зохиолч А.Миеэгомбо романы хэсгээс урнаар уншиж, яруу найрагч Ж.Батсайхан, Л.Батцэнгэл нар Эх дагины тухай шүлгээ уншиж, Богд хааны өргөмөл хүү Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны ач хүү тогооч Г.Тэнгис баяр хүргэж үг хэлсэн хөлтэй сайхан баяр болсон байна.
Зохиогч Эх дагина бага наснаас эхлэн амьдралаа хүүрнэж байгаатай зэрэгцэн, наймдугаар Богд хутагтыг 4 насандаа Монголд хөл тавьсан цагаас эхлэн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүртэлх Манж Чин улс болон хөрш Оросын түүхтэй холбон бодит баримтыг уран сайхантай сүлэлдүүлэн бичжээ.“Гэгээнтэн хүүд жижигхэн мөнгөн аягатай сүү амсуулж, Юндэндоо хэмээх нэр хайрлан, баруун чихэнд нь гурав шивнэлээ.
-Хүү минь, чи энэ цагаас манай хүүхэд болов. Би вээр ээж нь, Богд Гэгээнтэн чиний аав нь боллоо.
-За… гэж хүү дуугаран, амтат бор еэвэн үмхлэв. Би хүүг тэврэн зүүн хацрыг нь үнэрлэвээс, жаахан амьтан уртаар шүүрс алдсанаа, зүүн хөхөн тушаа нүүрээ нааж билээ. Сэтгэл минь өмрөөд л явчихав. Ингэж нялх амьтныг энгэртээ наах сан гэж эхийн зөн совингоор хүсээд байж.
Гэвч Юндэндоо хэзээ ч Гэгээнтэн бид хоёрыг ижий, аав хэмээн дуудсангүй. Маргааш нөгөөдрөөс нь намайг Алиа, Гэгээнтнийг Онио гэх болсон агаад, хожмоо өргөж авсан хүүхдүүд бүгд бид хоёрыг тэгж дуудсан юм даг.” хэмээн Богд хаан, Эх дагины хоёрын хүүхэд үрчилж өсгөж байсан тухай өгүүлжээ.
Зохиолч энэ романыг бичнэ гэдгээ олон жилийн өмнөөс зарласан тул уншигчдын дунд хүлээлттэй байгаа ажээ.