Үнэртэй усыг хэрхэн зөв сонгох вэ

1435
Өндөр үнэтэй авсан сүрчигний тань тогтоц тийм ч хангалттай удаан бус, эсвэл анх шалгаж авснаас нэг л өөр санагдаж байвал та эдгээр зөвлөмжүүдээс хэрэгжүүлээд үзээрэй.
Зөвлөмж 1. Ялгааг ойлгох
‘Eau de colognes’ төрлийн үнэртэй ус нэг цагийн дотор үнэрээ алддаг бол ‘eau de toilette’ хоёр цагийн  дотор үнэрээ алддаг. Харин ‘L’eau de parfum’ төрлийн үнэртэнгүүд харьцангуй илүү концентрацитай учир дөрвөн цаг хүртэлх хугацаанд үнэрээ барих чадвартай байдаг.
‘Perfume classics’ ,’perfume extracts’ төрлийн уснууд хамгийн өндөр концентрацитай учир 6 хүртэлх цаг үнэрээ алдалгүй барих чадвартай, хамгийн удаан тогтоцтой байдаг.
Зөвлөмж 2. Хаана түрхэх вэ?
Үнэртэй ус түрхэх зохистой газрууд бол гарын бугуй, тохойны дотор хэсэг, тахим, чихний ар хэсэг юм. Хүний биеийн арьс чийглэг үедээ шингээх чадвар нь илүү байдаг учраас усанд орсны дараа үнэртэй ус түрхэх нь үр дүнтэй. Эсвэл энгийн үед гадуур явж байх үедээ, бугуй, тахим, чихний ар гэх мэт үнэртэн түрхэх хэсгүүддээ ямар ч үнэргүй бага зэрэг тос түрхээд хатсаных нь дараа үнэртэнээ цацаарай. Харин үнэртэнээ цацсаны дараа гарын бугуйгаа хооронд нь үрж огтхон ч болохгүй шүү !
Зөвлөмж 3. Сонголтоо зөв хийх
Үнэртэн борлуулдаг газруудад үнэртэн шалгахад зориулсан жижиг зориулалтын цаас байдаг. Түүн рүү үнэртэнг цацаж ерөнхий үнэрийг нь мэдэж болох ч, хүний биен дээр үнэр маш өөр болон шингэдэг учир аль болох гарын бугуйруугаа цацаж шалгах хэрэгтэй. Бугуй руугаа үнэртэнг цацаад 10 орчим минут хүлээж бүрэн шингэсний дараа үнэрлээрэй. Мөн ихэнх үнэртэн биед шингэснээс хэсэг хугацааны дараа жинхэнэ үнэр нь илэрдэг учир, та сонголтоо яаралгүй зөв хийгээрэй.
Зөвлөмж 4. Хаана хадгалах вэ?
Зөв хадгалагдаагүй үнэртэн сайхан үнэрээ хялбар алдаж, хугацаанаас өмнө муудах боломжтой. Сонирхолтой сонсогдож болох ч сүрчиг хадгалах хамгийн тохиромжтой газар бол хөргөгч! Яагаад гэвэл хамгийн сэрүүн, хамгийн хуурай, нарны шууд тусгалаас хол газар бол мэдээж хөргөгч. Угаалгын өрөөнд үнэртэнг хадгалж огт болохгүй, учир нь угаалгын өрөө үргэлж чийглэг байдаг учраас үнэртэний найрлагад нөлөөлж шинж чанарыг нь амархан алдагдуулдаг.
Зөвлөмж 5. Эрүүл мэндийн анхааруулгууд
Та олон хүний дунд эсвэл жижиг орчинд ажилладаг бол хэт хүчтэй сүрчигнээс татгалзаарай. Мөн зарим сүрчигний найрлагад харшил, толгойны өвчин үүсгэгч бодисууд агуулагддаг учраас хэрэв та харшламтгай бол сонирхож буй үнэртэнийхээ найрлагыг хараад авхад илүүдэхгүй.
Хэрэв та нарны гэрэлд олон цаг байх шаардлагатай бол, биеийнхээ ил газруудаар сүрчиг цацахаас татгалзаарай. Учир нь сүрчиг цацсан биеийн хэсгийн эмзэг, мэдрэмтгий байдал нэмэгдсэн байдаг.
Зөвлөмж 6. Сүрчиг анхлан хэрэглэгчдэд
Хэрэв та ямар үнэртэн сонгож авхаа хараахан шийдэж чадахгүй байгаа бол, шүршүүрийн шингэн саван, биеийн тос, биеийн цацлагатай иж бүрдэл сонго. Таны биед анхилуун үнэрийг шингээж,  үнэрээ хадгалах чадвар нь удаан, хэрэглэхэд хялбар байх болно.