МАН-ын даргад өрсөлдөх Г.Майцэцэг гэж хэн бэ

737

Монголын үндэсний үйлдвэрлэгч ‘Exclusive’ брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн Майцэцэг МАН-ын даргад нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгджээ. Тэрээр Польшийн Люблин хот дахь Мария Кири Сквадов их сургуулийг төгсөж 2009 оноос хойш ‘Exclusive’ брэндийг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байгаа юм. Г.Майцэцэг нь МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Д.Дэмбэрэл нартай өрсөлдөхөөр болсноо мэдэгдсэн. МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэнийх нь дараа түүний тухай “МАН-ын даргын суудал Маяагийн зэрэгт унав уу” гэсэн нийтлэл хүртэл гарчээ. Тэгвэл Г.Майцэцэг гэж хэн бэ.

 ‘Эксклюзив’-ийн Г.Майцэцэг гэх бүсгүй нийгэмд сенсааци тарьж, ‘од’ болсон явдал нь 2014 онд ‘Хүннү молл’, ‘Номин’ их дэлгүүрт 120 сая төгрөгийн барааг үнэ төлбөргүй тараана хэмээн иргэдийг дэлгүүрийн гадаа дугаарлуулж байлаа.

2013 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулсан аж. Үүн дээр бусад  татварын өр нэмэгдэж, нийтдээ ‘Эксклюзив’ компани улсад 174 сая төгрөгийн татварын өртэй болжээ. Уг татварын өр явсаар анхан шатны шүүхээр орж, ‘Эксклюзив’ компани өрөө төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, компанийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, татварын өрөө төлнө хэмээн гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хийгдээгүй учраас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс компанийн дансыг хаажээ. Иймд Г.Майцэцэг аргагүй эрхэнд дээрх аргыг тэмцлийн нэг хэлбэр болгон ашигласан гэнэ.

Түүний мөрийн хөтөлбөр юу вэ

Тэрээр өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа, ‘Цүнх барьсан залуусыг бус салбар бүрийн шилдэг, тэргүүний, манлайлагч залуусыг дэмжинэ. Намд элсэх, идэвхтэй ажиллах боломжийг бүрдүүлнэ. Миний хувьд сая МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгч болох гэж үзсэн. Харамсалтай нь, чадаагүй. Намын үүрийнхээ хаягтай нутаг дэвсгэр дээрээ дор хаяж, зургаан сар байсан байх шаардлага тавьсан байсан. Би үйлдвэрлэлээ явуулдаг газраа анхнаасаа хаягтай. Одоо харин цаашид нэгэнт МАН-ын гишүүн гэдгээ ил тод зарласан дээрээ ‘Гишүүн биш’ гэх тусам нь намынхаа үйл хэрэгт идэвхтэй оролцох бодол байна. Би улстөрч хүн биш. МАН-ыг харин чин сэтгэлээсээ дэмждэг, дэмжигч гишүүн. Үндсэн ажил маань үйлдвэрлэл. Улс төр судлаач гэдэг мэргэжил байхаас улстөрч гэсэн мэргэжил байдаггүй. 2011 оны Бага хуралд оролцсоноосоо хойш ерөнхийдөө үйлдвэрийнхээ ажилд анхаарсан. Намын гишүүн хүн болгон ‘Манай нам’ гэж чанга хашгирах шаардлагагүй. Сэтгэлээрээ дэмждэг, ажил үйлээрээ манлайлдаг байх хэрэгтэй. Хүмүүс л намайг улстөржлөө гэж хараад байдаг болохоос бус би чинь өмнөх ажлаа л хийдэг хүн. Мэдээж цаг хугацааны явцад бодит нөхцөл шаардлагаар эсэргүүцэл илэр-хийлсэн, жагссан, эсэргүүцсэн зүйл бол байгаа. Гэхдээ Ардчилсан намыг шүү.

Баттулгын хүн гэсэн яриа бий

Түүнээс өөр намын гишүүн юм биш үү гэж сэтгүүл асуухад, тэрээр үгүйсгэжээ. “Өөр намд элсэж байсан тохиолдол огт байхгүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж хараад байдаг. Миний хувьд тэр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжсэн минь үнэн. Одоо ч түүнийгээ хэлнэ. Би намынхаа зарим нөхөд шиг наана аа ‘Дарга аа, даргаа’ гэж гүйчихээд цаагуураа өөр хүнийг дэмжиж гүйгээгүй. Анхнаасаа л хэлж байгаад дэмжсэн. Яагаад гэхээр төрийн тэнцвэрийг хангах үүднээс Ерөнхийлөгчийг дэмжсэн. Дээр нь, үйлдвэрлэлийн төлөөлөл болж чадахуйц Ерөнхийлөгч байгаасай гэж хүссэн. Ерөнхийлөгч гэдэг бол намын төлөөлөгч биш. Эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаар нь ялалт байгуулаасай гэж бодсон” гэж ярьсан  байна.