Морин хуурын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно

726

Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.
Морин хуурын чуулгын уран бүтээлчид өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Тэгвэл энэ сарын 21-нд 25 жилийн ойн баярын тоглолтоо хүргэхээр болжээ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолтын ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн хоёрдугаар концерт”, Н.Жанзанноровын “Ятгын хоёрдугаар концерт” зэрэг сүүлийн таван жилд хийсэн шинэ сор уран бүтээлүүдээс эгшиглүүлэх нь ээ. Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Зууны манлай дуучин, хатагтай Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ц.Чимэдцэеэ гэх мэт уран бүтээлчид урилгаар оролцох гэнэ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 20-нд тус чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны баримтат киног толилуулах бөгөөд үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний хурлыг Улсын филармонийн концертын танхимд хийх юм байна.