Өнөөдөр ‘Дэлхийн хүүхдийн өдөр’-ийг анх удаа тэмдэглэнэ

652

НҮБ-ын Хүүхдийн Сангаас ‘Дэлхийн Хүүхдийн Өдөр’-ийг дэлхий даяар өнөөдөр анх удаа тэмдэглэх гэж байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан арваннэгдүгээр сарын 20-ний энэ өдрыг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэх тус сангийн уриалгад дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Дэлхийн хүүхдийн өдрөөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, үр дүнтэй арга хэмжээ авах өдөр болгохоор зорьж буй аж.

Дэлхий даяар хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, тэдэнд хандсан үйл ажиллагаа, санаачилга гарч байгаа юм. Тухайлбал, Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 150 гаруй хүүхэд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болж, дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн дуу хоолой болох аж.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг танилцуулах хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдолд  олон нийтийн анхаарлыг дахин хандуулахыг зорьж байна. Эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн ураг утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байгаа юм.

Агаарын бохирдлын улмаас эхчүүд дутуу төрөх, үр зулбах эрсдэлд ордог бол Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгдэн, бронхит, астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь хүүхдүүдийн сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.  Тиймээс ч агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолж байна.