О.Баасанхүү: Хууль биш миний үгийг хэлэлцдэг боллоо

463

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцэж буй гишүүдийн нэг юм.

Ингээд хэвлэлийн хурлаар дамжуулж “УИХ-ын чуулганаар хууль биш миний үгийг хэлэлцүүлдэг боллоо. Миний хэлсэн үгийг зөв, буруу гэж тойрч ярьдаг байдал нь хэтрээд байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. Дараа нь ажлын хэсгийг хуралдуулж тодорхой судалгааны ажлыг хийнэ гэдэг зарчмын санал гарсан. Гэтэл байнгын хороо гэнэт хуралдаж тэндээсээ чуулганаар хэлэлцүүлэх гэхэд нь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцэхдээ дэгийн хуулийг баримтлахгүй түрэмгийллийн ажиллагаагаа эрчимжүүлж байна. 103 зүйл ангитай хуулийг 140 гаруй зүйл ангитай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа эхнийхээр нь 70 зарчмын зөрүүтэй санал сүүлийнхээр нь 78 зарчмын зөрүүтэй санал хураалаа. Хуулийнхаа 60-80 хувийг албан ёсоор МАН-ын гишүүдийн бодлогоор хийлээ. МАН-ынхан энэ хуулийг дангаараа шийдэж байна. Ажлын хэсэг дээр Н.Цэрэнбат, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж гишүүн сууж байгаад дээрх 78 саналыг дэмжээд оруулчихсан. Би нэг зүйлд маш их санаа зовж байна.

Парламент нийт ард түмэнтэй зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна” гэлээ. Би нэг зүйл дээр маш их санаа зовж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулинд “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна. Эхнийх нь нийт ард түмнээс, хоёрт нь парламентаас гэж заасан байгаа. Тэгэхээр парламент өөрөө нийт намуудтай зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд “Сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан гэдэг заалт байгаа. Гэтэл нөхөд “гадаадад 6 сар байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг үгээр солихгүй. Монгол Улсад хэд хоног амьдарсныг нь хуулиар зохицуулах болохоос гадаадад хэд хоног юу хийснийг нь шийдэхгүй. Өнөөдөр Сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг давхар оруулж ирлээ. Яагаад гэвэл УИХ-ын болон Орон нутгийн сонгууль энэ хуулиар явсан. Хууль дэгтэй, дүрэмтэй байх ёстой.

Энэ бол МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна. Парламентад суудалтай гурван нам өрсөлдөх бол хоёр нам өрсөлдөхөөр боллоо, Энэ төслөөр. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн хэлснээр хуйвалдааны дүрэм хийж байгаад санаа зовж байна. Хуулиа нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Нийт ард түмний санал асуулга байтугай намуудын саналыг ч авахгүй байна. Парламентад суудалгүй намуудад Ерөнхийлөгчийн сонгууль хамааралгүй болсон. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцхан нам л хүнээ дэвшүүлэх юм байна” хэмээн мэдэгдэв.

Т.ДАВААНЯМ