Ц.Мөнх-Оргил: Далай лам Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирээгүй

878

munkhorgil

-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссийн ээлжит хуралдаан хойшиллоо. Шалтгаан нь юу вэ?

-Монголын талаас БНХАУ-д хийх хэд хэдэн айлчлал цуцлагдсаныг Хятадын талаас өчигдөр /2016.11.23/ бидэнд танилцууллаа. Үүнд, арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурал, БНХАУ-ын парламнетын зөвлөлдөх уулзалт болох ёстой байсан. Энэ бол хоёр жилд нэг удаа болдог, хоёр улсын парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байсан. Гэвч цуцлагдлаа.

Мөн арваннэгдүгээр сарын 28-29-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч БНХАУ хүлээж авах бололцоогүй гэдэг хариуг өгсөн.

Түүнчлэн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын урилгаар миний бие БНХАУ-д айлчилж, У.Хүрэлсүх сайдын айлчлалыг дүгнэх, Ерөнхий сайдын ирэх онд хийхээр төлөвлөж байгаа айлчлалын бэлтгэл ажлын талаар ярицлах ёстой байсан. Энэ уулзалт мөн л хойшлогдох байх гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ албан ёсоор хойшилсон гэж хэлээгүй.

Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Москва хотноо Ази, номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт болно. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан. Энэ ажил хойшлогдох нөхцөл байдал үүссэнд Монголын тал харамсч байгаагаа Хятадын талд илэрхийлсэн.

Далай ламын сая Монгол улсад хийсэн айлчлал улс төрийн агуулгагүй, зөвхөн Монголын сүсэгтэн олонд ном айлдсан гэдгийг бид тайлбарлаж, хойшилсон, цуцлагдсан айлчлал удахгүй зохих хугацааны дараа үргэлжилнэ гэж найдаж байгаагаа бас илэрхийлсэн. Мөн Далай багшийг урьж авчрахад ямар нэгэн төр, засгийн байгууллага албан тушаалтан оролцоогүй. Энэ бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй шашны байгууллагаас зохион байгуулсан айлчлал юм. Монгол Улсад төр, шашин тусдаа учраас энэ айлчлалыг зохион байгуулахад төр оролцоогүй. Монголын сүсэгтэн олон энэ айлчлалыг хүлээж байгаа үед бид сүсэгтэн олонд хүндэтгэлтэй хандана гэдэг тайлбараа хийсэн.

Монгол улс Хятад улсаас зээл авах асуудал яригдаж байсан. Энэ зээлийн асуудлаарх яриа хэлэлцээг арваннэгдүгээр сарын 28,29-нд үргэлжлүүлэх ёстой байсан ч боломжгүй болж байгаа юм.

Т.ДАВААНЯМ