Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Улаанбаатар миний гэр-Улаанбаатар миний хот” сэтгэлгээг залуучуудад төлөвшүүлж, нийслэлийн хөгжил, тохижилтод залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот болгох зорилгоор сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Гэрэлт ирээдүй” залуучуудын сайн дурын нэгдэл, “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮ-ийн газар, “Brussels Belgian Beer Cafe” кафены хамт олон нийт 40 гаруй залуус хамтран “Хоггүй тэрэлж” сайн дурын үйл ажиллагааг 2018 оны 04-р сарын 01-ний Ням гарагт зохион байгуулж, хоёр тонн хог цэвэрлэлээ.
Хаврын улирал ирж, цас хайлж, хог ил гарч буй учир байгаль эхдээ хайртай залуус нэгдэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Тэрэлжийн гүүрний зүг явж, Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.
Цаашид “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд энэхүү үйл ажиллагааг залуучуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан тогтмол зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.