Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Өнөөдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж үдээс хойш Их танхимд хаалтын нэгдсэн хуралдаанаа хийв.
Монголын эдийн засгийн форумын “Хүчээ нэгтгэе” уриатай Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож хаалтын үг хэллээ.
ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.
“Бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид цугласан хаврын “Хүчээ нэгтгэе” гэсэн чуулганд оролцож байгаа та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.
Би өөрийгөө хувийн хэвшил болоод төрийнхний аль, алийг нь төлөөлөх эрхтэй хүн гэж боддог. 1990 онд Монгол Улс чөлөөт зах зээлд шилжих үед хэдхэн тооны бизнес эрхлэгчдийн нэгээр нэрлэгдэж, тухайн үеийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Өнөөдөр Төрийн тэргүүний хувиар чуулганд оролцож, үг хэлж байгаадаа баяртай байна. Та бүхэнд дахин оройн мэнд хүргэе.
Өнөөдөр Монголын эдийн засгийн форумын хүрээнд Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого болон Татварын хуулийн шинэчлэлийнхээ талаар хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцүүлэг хийж байгааг миний зүгээс талархан дэмжиж, цаг гарган оролцож байна.
Хавар болж, бүтээн байгуулалт өрнөж, их ажил ундрах цагт Засгийн газар өөрийн бодлого, хөтөлбөр, зорилтоо тайлбарлаж таниулах нь бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дохио өгөх, чиг баримжаа олгох ач холбогдолтой байдаг. Тийм болохоор хаврын хэлэлцүүлгийг уламжлал болгон явуулж байгаасай гэж давхар хүсэх байна.
Манай улсын эдийн засгийн бүтэц олон үзүүлэлтээрээ эрүүл бус байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ байдлаас яаж гарах вэ гэж бид сүүлийн 10, 20 жил ярьж хэлэлцэж байгаа ч санаанд хүрэхээр үр дүн гарахгүй байгаа. Наад захын жишээ нь, төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрчээ. Намайг хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Засгийн газрын гишүүн байхад энэ тоо 140 мянга гэгддэг байсан юм. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг хүмүүсийн нийгмийн даатгал төлж байгаа бүртгэлээс баримжаалбал 200 мянган хүн бизнест оролцож, тэндээс амьжиргаагаа залгуулж байна. Юу гэх гээд байна гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг төрийн албаныхны тоо баялаг бүтээгчидтэйгээ бараг тэнцүү байна гэдэг нь эдийн засгийн хувьд яав ч эрүүл зүйл биш ээ. Төрийн мөнгө гэж байдаггүй, татварын мөнгө гэж байдаг. 200 орчим мянган хүн татвар төлөөд тэр мөнгөөр нь 189 мянган хүн төрд ажиллаж байна. Энэ бол эрүүл биш. Ядаж 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжмээр санагдах юм.
Зарим модераторууд “Төрийн албан хаагчдыг чадваржуулъя” гэж байна. Үнэхээр чадваржуулбал, төрийн албан хаагчдын тоог 90 мянга хүртэл бууруулах бодит бололцоо бий. Ийм болгохын тулд Засгийн газар зоригтой алхам хийх ёстой. Сонгуулийн дүнгээс шалтгаалж, эсвэл хамаатан саднаараа төрийн албанд ажиллаад байвал энэ тоо ирээдүйд 250 мянгад хүрэх вий. Дахиад хэлэхэд, намайг Монгол Улсын сайдаар ажиллаж байхад төрийн албан хаагчдын тоо 140 мянга байсан бол одоо 189 мянга болсон байна шүү.
Төрийн алба данхайж, төрөөс хамааралтай орлогоор амь зуугчид, тэдний гэр бүлийнхэн нийлээд хүн амын гуравны нэг шахуу болох нь. Тэгэхээр бизнес хийх, баялаг бүтээх хүний тоо бас тэр хэмжээнээс хэтрэхгүй байна гэж харж байна. Энэ бол төр бизнесийг хумьж, дарамталж, боомилж байгаагийн маш том дохио. Яаралтай иргэдийнхээ бизнес эрхлэх эрх чөлөөг тэлж, боломж бүхнээрээ дэмжих хэрэгтэй байна. Залуучууд бизнес эрхлэх, чадвараараа илүү сайхан амьдрах хүсэл тэмүүллийн оронд төрд шигдэж, хэн нэг даргын далбаан доор амьдрахаа илүүд үзэх болсон гэдэг бол бидний хамгийн том эмгэнэл шүү.
Өнөөдөр өглөө хэлэлцүүлэг дээр эдийн засагч Ч.Хашчулуун ядуурал 29,6 хувьтай байна гэж мэдээлж байхыг харсан. Энэ нь улсын дундаж үзүүлэлт юм. Хөдөөд ядуурал аль хэдийнээ 35 хувиас давсан. Би 18 аймаг, нийслэлийн дүүргүүдээр иргэдтэй уулзалт хийж явахад хөдөөд бизнес бүрэн зогссон, олигарх бүлэглэл, цөөнхийн хяналтад бүх лиценз, ашиг орлоготой бизнес орж, орон нутгийнхан ажлын байр ч үгүй, цалин орлого ч үгүй болсныг хэлж байна. Түрүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хөдөөд 180 мянган ажилгүй хүн байна гэж хэлсэн нь үнэн шүү. Хөдөөд төрийн албанд ажиллаж байгаа хүн л цалинтай, тогтмол орлоготой болж, бусад нь бизнес эрхлэх ямар ч боломжгүй байгаад онцгой анхаарах хэрэгтэй шүү.
Засгийн газар Татварын багц хуулийн өөрчлөлтийг өнөөдөр дахин танилцуулж байна. Миний бодоход татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн хамаг боломжийг хааж, Монголын баялагт бүрэн хяналтаа тогтоочихоод байгаа клептокраси тогтолцоог халах чиглэлд дорвитой шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Клептокраси гэдэг нь 1800-гаад оны үед гарч байсан үг хэллэг. Биднийхээр бол цөөхөн гэр бүл төрийг, бизнесийг хамт атгахыг хэлж байгаа. Бидний хүчээ нэгтгэх гол чиглэлийн нэг энэ яалт ч үгүй мөн. Цөөнхийн хүлээснээс чөлөөлбөл бизнест том үүд хаалга нээгдэнэ. Засгийн газрын үндсэн үүрэг нь бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, хөрөнгө оруулалтыг жижиг том гэж ялгалгүй дэмжих юм. Гэтэл клептократ цөөнх хамаг ашиг орлоготой бизнесийг хамж, хяначихаад, гадаадын хөрөнгө оруулалтыг хүртэл өөрсөдтэй нь тохиролцохгүй бол боож хаадаг тогтолцоо хэвээр байсан цагт төр мянган хурал, хэлэлцүүлэг хийгээд татварын бодлогоо шинэчлээд ч үр дүнд хүрэхгүй. Би энэ асуудлыг мөн тендертэй холбоотой ярьж байгаа. Цөөхөн тооны хэдхэн компани тендер авдаг. Тендерын босго 10 тэрбум төгрөг гэхээр энэ хэмжээний орлоготой хэдэн компани байгаа билээ, тендерт оролцох ямар ч боломжгүй байна.
Төр бизнес эрхлэгчдийг цөөнхийн хууль бус дарамт шахалтаас өмгөөлөн хамгаалж, шударга ёсыг тууштай сахиулах, тэгш боломж олгох юм бол бизнес сэхээд, босоод л ирнэ. Төрийн өмчийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах тухай энэ хэлэлцүүлэг дээр нилээд яригдаж байна. Энэ бол хамгийн оновчтой аргуудын нэг нь. Олон нийтийн удирдлагад шилжинэ гэдэг компанийн засаглалын хамгийн зохист хэлбэр мөн. Үүнийг бид үе шаттайгаар хийх хэрэгтэй. Цөөнхийн хяналтаас бизнесийг салгах үндсэн арга зам бол энэ байж болох юм. Санхүүгийн зах зээл, капитал маркетийг энэ мэт бодлогоор дэмжиж хөгжүүлэх шаардлага тулгараад байгааг соргогоор хараасай гэж хүсэж байна. Одоо санхүүгийн зах зээл дээрх нийт активын 95 хувь нь арилжааны банкуудад ногдож байгааг өөрчилж олон улсын жишигт ойртуулахын тулд Хөрөнгийн биржийн арилжааг илүүтэй дэмжих шаардлага үүсчээ. Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Хөрөнгийн биржийн ажил нэлээд ахицтай яригдаж байсан бол одоо зогссон. Хөрөнгийн биржээр дамжуулж бид маш олон хөрөнгийн эх үүсвэр, хувьчлалыг иргэдэд хүргэх боломжтой. Харамсалтай нь, биржийн асуудал бодлогод тусгагдаагүй байна.
Өнөөдрийн Монголын хамгийн том дайсан, хөгжлийн садаа нь төрийн албан хаагчдын шударга бус байдал, авлига хээл хахууль болоод байгаа юм. Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулахгүйгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй, бизнес ч олигтой цэцэглэхгүй. Мэдээж, тэнд авлига, хээл хахууль байгаа бол хэн ч тэнд хөрөнгө оруулахгүй. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийг цагдаа, сэргийлэхийнхэн байнга дарамталдаг. Энэ асуудлыг бүгд л ярьдаг, далд сэдэв болсон. Татвар төлөгчдөө дарамталж байж, цэцэглэн хөгжилтийн тухай ярина гэж хэзээ ч байхгүй. Олон бизнесмен энэ талаар гомдол гаргадаг.
Гарын үсгээ дамладаг төрийн албан хаагчдад зовж зүдэрч олсон мөнгөө тушаах дур сонирхол мэдээж хэнд ч байхгүй. Хэр удаан тэгж ажиллах юм бэ? Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, мэргэжлийн холбоодыг шалгаруулалтад зонхилох үүрэгтэй оролцдог болгомоор байна. Өнөөдрийн тухайд гэвэл тендерийг яам шалгаруулдаг буюу сайд мэддэг, Төрийн нарийн бичгийн дарга нар үүнд нь оролцдог. Энэ хэлбэрийг л болиулах хэрэгтэй. Мэргэжлийн холбоодод тендерийг өгөх хэрэгтэй. Харин мэргэжлийн холбоод нэг удирдлагатай болох хэрэгтэй. Өнөөдөр яамд тодорхой бусаар тендер зарлаад өөрийнхөө танил тал, намын нөхдүүдэд өгдөг. Иймэрхүү нэг жилийн настай тендерт ажлын байр хадгалагдах ямар ч нөхцөл байхгүй. Мэргэжлийн холбоод салбарынхаа тендер шалгаруулалтад хүчтэй оролцдог болохын тулд намын харьяаллаас ангид удирдлагатай болох ч шаардлагатай.
Мөн Монголын нэр хүндийг гадаад талдаа өргөх, бэхжүүлэх Үндэсний брэндчлэлийн ажлыг хийх, өрнүүлэх гэхээр тулгарч байгаа гол бэрхшээл нь дотоодод авлига, хуулийн засаглал сул байгаа байдал болоод байгаа юм. Гаднынхан та нар дотоод асуудлаа цэгцлэхгүй бол ямар ч хөрөнгө оруулагч итгэхгүй, ямар ч жуулчин танай улсыг баяртайгаар зорихгүй гэдэг. Дүр эсгэсэн бус жинхэнээрээ сайн засаглал бүхий улс болсон цагт л гадаад имиж, нэр хүнд, Үндэсний брэнд чинь тодорхой болж тогтох болно гэсэн зөвлөгөөг өгч байгаа. Тийм болохоор бид жинхэнээсээ сайн засагталтай улс болохын төлөө хүчээ нэгтгэхээс өөр зам байхгүй болжээ.
Хүчээ нэгтгэнэ гэдэг нь бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, төрийнхөн миний шүүмжлэлийг хүлээж аваад хүчээ нэгтгээрэй гэсэн үг шүү.
Бизнест элдэв зөвшөөрөл олгох, хянах ажлыг хүний хүчин зүйлийн хамаарлыг багасгасан, цахим засаглалаар хэрэгжүүлдэг болох тал дээр Засгийн газар онцгой анхаарч, яаралтай шийдэл олж хэрэгжүүлэх нь чухал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Татварын тайлангаа биечлэн өгөх, газрын татвар болон бусад асуудлаар заавал байцаагчтай уулзаад байх шаардлагагүй, техник технологийн боломж нөхцөл бүрдчихсэн цаг шүү дээ. ТҮЦ машин гэдэг шиг шийдлүүд нь хүнд суртлыг арилгаж, төрийн дарамтыг сулруулах сайн шийдэл. Ийм загвараар төр, бизнесийн харилцаа, тайлан бүртгэл, хяналтыг хэрэгжүүлээсэй гэж хүсэх байна. Хүн хүнтэйгээ харилцах боломжийг асар бага байлгаж чадвал хүнд суртал, авлига хумигддаг сайн туршлагаас бид хойш суух шаардлагагүй. Хүний хүчин зүйлд найдвал төрийн алба авлигын голомт болон хувирдаг гэдгийг тэргүүлэх хөгжилд хүрсэн орнуудын туршлага хэлж байна.
Салбар хуралдаанууд дээр яригдаж байгаа санаануудад хошуу нэмэрлэхэд Аялал жуулчлалын талаар Төрөөс баримтлах бодлого өдий хүртэл боловсрогдоогүй, хэлэлцэгдээгүй байгаа нь салбарын хөгжлийн стратегийг харанхуй, таамаг хэлбэрээр төлөвлөхөд хүргэж байгаа хүчин зүйл гэж би харж байна. Аялал жуулчлалыг дорвитой нэмэгдүүлэх бодлого, стратеги байхгүйгээс түүх, уламжлал, зан үйл гэсэн төдийхнөөр үлэмж тооны жуулчин татахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Монголын байгаа боломжид тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэвэл олигтой эргэлт үүсэхгүй. Байж болох боломжид тулгаж аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар санаа тавимаар санагдаж байгаагаа илэрхийлье.
Өнөөдөр Монгол орон шиг арвин түүхтэй, үзүүлж харуулах зүйлтэй улс ховор байх. Харамсалтай нь, бид түүх соёлоо, байгалийн сайхнаа харуулж чаддаггүй. Зөвхөн манай бүсийг тойроод 3-4 цаг явах хооронд нийтдээ хагас тэрбум жуулчин жил бүр явж байгаа. Бид өөрсдийн хүлээж авдаг жуулчдын тоог хэлэхэд үнэхээр ичмээр тоо байдаг. Зөвхөн Өвөр Монгол өнөөдөр жилдээ 10 гаруй сая жуулчин авдаг. Чингисийн Монголыг тэднээр төсөөлж байна. Сингапур гэхэд алгын чинээ газар 17 сая жуулчин авч, гурав дахь нисэх онгоцны буудлаа барьж байна. Өөрийн түүхгүй улс аялал жуулчлалыг тэгж өндөр хөгжүүлж байхад бид өнөөдөр ямар түүхтэй билээ? Энэ тал дээр онцгой анхаармаар байна.
Мөн Хөдөө аж ахуйн салбарыг чуулганы үеэр олон ярьж байна. Асар том салбар маань өнөөдөр ямар байдалтай байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Би хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа олон судалгаа хийсэн. Тухайн үед манай хөдөө аж ахуйгаас 10 сая ширхэг арьс, шир гардаг байсан. Одоо 15 сая болсон. Бүгдийг нь түүхийгээр нь гаргадаг. Энэ асуудлаар бид Европын холбоо, испаничуудтай нийлээд 10 сая ширхэг арьс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болчихсон байгаа. Ийм бэлэн зүйлийг аваад ажиллахгүй, дахиад эхнээс нь “А”-гаас нь хийх гээд байна шүү.
Өнөөдөр манай улсын ноолууран бүтээгдэхүүн Европ болон Япон руу татваргүй орж байгаа. АНУ-ын Конгресст ноолуур болон оёдлын салбарын бүтээгдэхүүнийг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хэрвээ энэ амжилттай хэрэгжих юм бол бид 30-40 мянган ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ. Уул, уурхайгаас илүү хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбарт онцгойлон анхаарахыг Засгийн газраас хүсч байна.
Мөн би агаарын бохирдол, утаатай холбоотой асуудлыг байнга ярьж байгаа. Энэ удаад эрх биш зуухнаас утаа гардаг юм байна гэдгийг хүмүүс ойлгосон байх. Асар их хохирлоор буюу 147 тэрбум төгрөг, 100 орчим сая ам.доллар зарцуулж байж энэ хохирлыг ойлгож байгаа. Намайг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дуудаж ирээд утаанаас салах боломжийг судалж, ажил хийх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ажиллаад дагуул хотын зураг, төслийг гаргасан. Түүнийгээ Засгийн газарт хүлээлгээд өгчихсөн байгаа. Мөн Засаг захиргааныхаа нэгжийг нүүлгэх ёстой. Газрын наймаачдад хамаг юмаа атгуулчихсан. Хот барих гэж байгаа газар дээр нь хэдэн хүн очоод газрыг нь авчихсан. Ийм арчаагүй байх юм бол энэ ченжүүд, мэдээлэлд ойр байж байгаад газар, лиценз авдаг энэ наймаагаар хөлжсөн ченжүүдэд бид дарагдаад, дарлагдаад байх юм бол Монгол Улс хөгжихгүй.
Товчхондоо хэлэхэд, хувийн хэвшлийнхнийгээ дэмжиж, бизнесийг задалсан төрийн бодлого байсан цагт ажилгүйдэл, ядуурлаас гарч, биднийг гаднынхан болоод ард түмэн тооно гэдгийг хэлмээр байна.
Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого гаргах хэрэгтэй. Банкны хүүн дээр зоригтой алхам хийх ёстой. Бид 21 дүгээр зуунд арилжааны хүүгээр аж ахуй эрхэлдэг. Энэ бол боломжгүй зүйл шүү. Монгол Улс 30 орчим тэрбум ам.долларын өрөнд орсон. Иргэд малчны, цалингийн зээлтэй. Энэ дотор ч гэсэн зээлгүй аж ахуйн нэгжүүд байхгүй байх. Маш хүнд үед би Төрийн тэргүүн боллоо. У.Хүрэлсүх ч гэсэн хүнд үед Засгийн газрын тэргүүн боллоо. Одоо хүчээ нэгтгэн хамтраад зоригтой хөдлөхөөс өөр аргагүй болсон” гэв.