Зохиолч Гүн Г.Аюурзаны “Цасны роман” өгүүллэгээр бүтсэн “Сартай уншлага” эвэнт ирэх бямба гаригт /3сарын 31нд 19 цагаас/“Black box” театрт болох гэж байна. Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлог.
Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай.
Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаа болж буй “Сартай уншлага”-даа Г.Аюурзаны “Цасны роман”-ыг онцолж сонгосон байна. Долоон хэлээр орчуулагдан дэлхийн уншигчдийн хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр утга зохиол судлаач шүүмжлэгч, “Гэгээн Муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд мэргэжлийн шүүмжээ хуваалцах юм.
Өгүүллэгийг “Black box” театрын жүжигчин М.Баярмагнай уншиж,энэ үеэр Иелийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэсэн чадварлаг уран бүтээлч Э.Батмягмар альт хийл тоглож, уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Өөрийгөө сонс”, “Үүргүй шувуу” инстоляциа танилцуулна.
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь Нидерландад болсон Европын хамгийн том наадмын нэг болох TodaysArt-д оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм. “Сартай уншлага” -ын тасалбарыг Black boxтеатрын кассаар болон WWW.TICKET.MN-ээр захиалж болох нь ээ.