Бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн анхаарлыг татсан Монголын үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” дуусаж, шинэ тэргүүнээ сонголоо. Энэ удаагийн хуралд 200 төлөөлөгч оролцохоор мандат авсан ч тэдний 153 нь оролцжээ. Уг хурлын гол асуудал нь шинэ тэргүүнийг сонгох явдал байв. Тус холбооны тэргүүн R Нямдорж албаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдэж, нэрээ дэвшүүлээгүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, заануудыг төлөөлж Ц.Магалжав зааныг тэргүүнд өрсөлдүүлэхээр төлөөлөгчид санал нэгджээ. Гэвч сонгууль болоход Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь нэрээ татсан юм. Ингээд санал хураалт болоход 143 төлөөлөгчөөс 140 нь Б.Бат-Эрдэнэ гишүүнд саналаа өгснөөр тэр ирэх дөрвөн жилд Монголын үндэсний бөхийн холбоог удирдах болж байна. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан.
Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталжээ. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болсон гэнэ. Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлснээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо.
Хэдийгээр УИХ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны ээлжит “Их Эе”-ээр шинэ тэргүүнээр сонгосон ч тэрбээр эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Учир нь. УИХ-ын гишүүн А.Сүхбат, дарга аварга Х.Баянмөнх нарын тэргүүтэй хэсэг бөх, бөхийн зүтгэлтнүүд энэхүү “Их Эе”-ийг хүчингүй гэж мэдэгдсэн. Дээрх хурал болохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шийдвэр танилцуулах гэсэн боловч хүлээж аваагүй. Улмаар өнөөдөр дахин Бөхийн өргөөнд очиж хүлээлгэн өгөхөөр тохиролцоод буцсан билээ.