Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

700

1446543826563881d25eed3

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам хаагдсан. Түүнчлэн цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн тухай мэдээллээ. Жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замаар зорчихдоо хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэргээр осолдсон байна. Түүнчлэн замын халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол олон гарчээ. Нийслэл хотын хэмжээнд 38 тонн давс, хайлуулагч бодис зам дээр цацсан байна.

Гэвч зуны дугуйтай жолооч нар ар араасаа мөргөлдсөн 125 осол Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Мөн хөдөө орон нутагт замын халтиргаа гулгааныулмаас таван хүн осолдож амиа алджээ.

Тухайлбал, Булган аймаги 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амь насаа алджээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

Тиймээс Замын цагдаагийн газраас хурдаа тохируулан анхаарал болгоомжтой байхыг жолооч зорчигчдод анхааруулж байна.