Хуурамчаар захирамж гаргаж газар олгосон тухай мэдээллийг хуулийн байгууллага шалгаж байна

663

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж иргэнд газар олгосон талаар www.tac.mn сайтад тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдэгдэл хийлээ.  Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “2018 оны гуравдугаар сарын 1-ний пүрэв гаригт нийслэлийн Газрын албаны холбогдох албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг анхлан мэдэж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2 ширхэг гэрчилгээг хуурамчаар үйлдэж залилан хийсэн гэх эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тус албанаас мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай мэдээлэл, материалыг гарган өгсөн. Хуурамчаар үйлдсэн гэрчилгээнүүдийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамжууд ор үндэсгүй бөгөөд 2017 оны А/94 дүгээр захирамж нь үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг баталсан, 2017 оны А/156 дугаар захирамж нь “Гадаад томилолтын тухай” захирамж байгаа юм. Үндсэндээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа. Иймд хууль хяналтын зохих байгууллагаас уг асуудлыг шалгаж тодорхой болгохоор ажиллаж байна” гэлээ.

2018 оны гуравдугаар сарын 12 буюу өнөөдөр www.tac.mn сайтад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй байхад Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг хууль бус газар олгосон, гэм буруутай мэтээр мэдээлсэн нь худал болохыг мэдэгдэж байна. Тиймээс дээрх  www.tac.mn сайтыг Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд заасныг үндэслэн хэн нэгний захиалгаар хүний нэр хүндэд санаатайгаар халдсан, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж байна. Хүний нэр хүндэд санаатайгаар халдаж ийм худал мэдээллийг захиалга өгч бичүүлсэн цаад этгээдийг олж хариуцлага тооцуулах болно. Энэ асуудалтай холбогдуулан иргэдэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, шалгаж байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.