Музейд 77 мянган хүн зочилжээ

698

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/71 тоот тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулж, үзмэрийг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлж хэвшүүлэхээр болсон. Эхний арга хэмжээ өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн юм. Энэ хугацаанд нийтдээ 77 мянган хүн музейд зочилж, түүх соёлын үнэт ховор үзмэрүүдтэй танилцсан байна. Музейд зочлогсдын олонх нь хүүхэд, сурагчид байжээ.

Улс орнууд музейгээ өөрийн орны иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, гадаадын иргэдэд төлбөртэй үйлчилдэг байна. Энэ нь музей бол ашиг олох хэрэгсэл бус иргэддээ түүх соёлоо таниулж байх үүрэгтэй гэж үздэгтэй холбоотой аж. Харин Монгол Улсын хувьд музейгээр үйлчлүүлэхэд иргэн бүр төлбөр төлөх ёстой. Мөн музей бүр тодорхой хэмжээний орлогоо төсөвт тушаах үүрэг хүлээдэг. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг зарим музейн захирал хөндөж байгаа юм.