Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хог боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр барих чиглэлээр БНХАУ-даа тэргүүлдэг Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяотай уулзлаа. Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах асуудлаар ярилцаж байгаадаа баяртай байна. Учир нь нийслэл хотод хог бүрэн боловсруулах технологи бүхий үйлдвэрийг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлага бий. Олон жил энэ тухай ярьдаг ч бодит үр дүнд хүрээгүй. Тийм учраас бид энэ ажлыг зоригтой хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцана” гэлээ.
БНХАУ-ын Тяньин компанийн ерөнхий захирал Сао Дэбяо хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлага манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Тус компани нь хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ, энэ чиглэлийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулдаг. Хатуу хог хаягдлыг боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. БНХАУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 89 төсөл улсдаа хэрэгжүүлдэг. Хог тээвэрлэхээс өгсүүлээд боловсруулах хүртэл бүхий л дамжлагыг өөрсдөө хийдэг” хэмээн танилцууллаа.
Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүний 70 орчим хувь нь төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж, хөрсөөр дарж булагдаж байна. Харин 20 хувь нь хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдээр дамжин хог боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэр, архины үйлдвэрт хүргэгдэж, зарим хэсгийг БНХАУ руу экспортолж байна.
Хог шатааж, эрчим хүч гаргах технологийг Европын болон Азийн олон улс орнуудад нэвтэрсэн байдаг байна. Уг уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЗАА-ны тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Г.Ууганбаяр нар оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.