“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө

345

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.02.28) үдээс хойш 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

    Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

   Засгийн газраас гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг монгол иргэд олноор оршин сууж байгаа улс орнуудтай байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д манай улсын 4000 орчим иргэн амьдарч байна.

    Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд БНТУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байгаа. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг.

  Иймээс хоёр улсын хоронд “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд, хоёр дахь шатны хэлэлцээг БНТУ-ын Анталя хотод 2016 оны 5 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулж, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтсон.

   Уг хэлэлцээрт Монгол Улс болон БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэн хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж олгох зэрэг асуудлыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

   Хэлэлцээргийн төслийг Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан боломж байсан бол ийм хэлэлцээрийг эрт байгуулах байсан юм,  гэхдээ монгол иргэд олноор ажиллаж амьдардаг улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр хийж байгаа нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын баталгааг хангахад чухал ач холбогдолтой юм гээд хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

    Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.