2016 оны сонгуулийн өмнөхөн ил болсон, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шуугиан өнөөг хүртэл тасраагүй байна. Тус үйлдвэрийн 49 хувийг нэр нь ч дуулдаж байгаагүй “Монгол зэс” корпорац 400 сая ам.доллараар худалдан авсныг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд бахархалтайгаар зарлан тунхаглаж байв.
ОХУ-ын талтай (Ростех корпорац) тус корпорац хэзээ, хэрхэн ямар хэлцэл хийж, гадаад дотоодын аль ААН-үүдтэй хэрхэн өрсөлдөж, 49 хувийн эзэн болсон үйл явц одоо ч нууц хэвээр байна.
“Монгол зэс” корпорац 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэхгүй.
Харин МАН УИХ-ын сонгуульд ялсан даруйдаа дээрх худалдааг болон худалдан авсан 400 сая ам.долларын эх үүсвэрийг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэн, үйлдвэрийн 49 хувийг эргүүлээд төрд авчихсан. Энэ шийдвэрээ баталгаажуулан 23 дугаар тогтоолыг батлав. Харин үндэсний гэх тодотголтой, Багануур ХК-тай мөн л талбайн маргаан үүсгээд амжсан “Монгол зэс” корпорац шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар уншиж танилцууллаа.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол эцэг хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэв. Учир нь “Монгол зэс” корпорац 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэхгүй гэж дээрх 5 гишүүн үзлээ.
Өглөө 09.30 цагаас эхэлсэн хуралдаан гурван цаг хагас үргэлжилсэн юм. Хуралдаанд мэдээлэл гаргагчаар иргэн Р.Очирбал, Ж.Онон, Ч.Жадамба, Н.Нямжаргал нар оролцов. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн гэжээ.
Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчсөн гэв. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Харин УИХ-ыг төлөөлөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралдаанд оролцов.
Цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Жанцан, Д.Сугар, Т.Лхагваа, Д.Солонго нар оролцсон юм.
Мэдээлэл гаргагч иргэд болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнтнй холбоотой гомдол, санал гаргасангүй. Залуу хуульчид ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авахгүй бол ҮХЦ-ийн дээд шатны хуралдаанд хандах эрхтэй.