Зургаан хүний амь насыг авран хамгаалжээ

711


Баярын өдрүүдээр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 30, объектын гал түймрийн 36 нийт 66 удаагийн дуудлагаар ажиллаж зургаан иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангасан байна. Мөн давхардсан тоогоор 3424 алба хаагч, 1082 нэгж тусгай зориулалтын автомашин үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн дээрх өдрүүдэд нийтдээ зургаан хүний амь насыг авран хамгаалжээ. Тухайлбал,

-Нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хорооны 19 дүгээр байранд 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр угаалгын машинд гацсан Б (гурван настай, эрэгтэй)-г нийслэлийн Онцгой байдлын газар гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хуучин Оросын тосгон” гэдэг газар хоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон иргэн Н (63 настай, эрэгтэй)-ыг тус аймгийн Онцгой байдлын газар мөн өдөрт нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж.

-Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ямаатын бөгс” гэдэг газар  хоёрдугаар сарын 13-ны өдөр гурван зорчигчтой суудлын автомашин Хархираа голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар,

-Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны Зүүн нарангийн аравдугаар гудамжинд хоёрдугаар сарын 16-ны өдөр ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр дээр унах гээд байна гэсэн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хоёрдугаар сарын 16-ны өдөр нэг зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар тус тус ажиллаж тусламж үйлчилгээ үзүүлжээ.