Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэг хувиар орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл хэлэлцэж байгаа. Гэтэл орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна, 1.5 тэрбум гэсэн босго хэт өндөр гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газраас албан татвар ногдуулах орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлдөг татварын хувь хэмжээг 90 хувиар хөнгөлж нэг хувь болгоё гэдэг санал орж ирсэн. Дөрвөн салбарыг сонгож оруулж ирсэн. Энэ нь үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орж ирсэн санал. Мөн нийслэл хотоос 500-1000 км-ийн алслагдмал зайд байгаа аймгуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг тодорхой хувиар хөнгөлсөн заалтыг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр ярьж, энэ заалтыг хүчингүй болгож болохгүй юм байна гэж үзээд, УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжигдсэн. Бусад салбаруудын хувьд үе шаттайгаар оруулах боломжтой гэж Засгийн газар үзсэн. Монгол улсад нийтдээ 250 төрлийн татварын хөнгөлөлт байдаг. Үүнийг багцаар нь эргэж авч үзээч гэдгийг Засгийн газарт хэлж байна. Татварыг дөрвөн салбарт 90 хувь хөнгөлөх энэ асуудлыг ирэх /энэ/ долоо хоногт байнгын хорооны хуралдаан дээр нэлээд сайн ярина.
-Тодорхой салбаруудыг татвараас хөнгөлөх нь эдийн засагт ямар ач холбогдолтой вэ. 250 төрлийн татварын хөнгөлөлтийг эргэж харах санал тавьсан гэж байна?
-Арваад жилийн өмнө Монгол Улс арван хувийн татвар руу шилжье гэдэг тогтолцоог бий болгоод гаргаж байхдаа хөнгөлөлт, чөлөөлтийг больё, 10 хувийн татвараа бий болгоё, татварынхаа хуулийг тогтвортой байлгавал хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой байх юм гэж үзэж тэр хуулийг гаргаж батлаж байсан. Үүний дараа янз бүрийн шалтгаанаар хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо нэмэгдсээр байгаад 250-д хүрсэн. Зөвхөн 2016 онд 500 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээр харагдаад байна. Ерөнхийдөө энэ хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоог багасгах тал руугаа явбал яасан юм бэ гэсэн байр суурийг олон гишүүн илэрхийлж байгаа.
-Татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа гишүүд байна. Энэ нь өөрсдийн хувь эзэмшдэг компани, аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулах гэж байна гэсэн шүүмжлэл гараад байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Тийм зүйл байна гэхэд хэцүү, байхгүй гэхэд ч хэцүү. Их хурлын гишүүдийн хэн нь ямар бизнес хийдгийг мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл байхгүй байгаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас Төсвийн байнгын хороо дөрвөн салбар дээрээ төвлөрсөн. Ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэлх аж ахуйн нэгж дээр нэг хувийн татвар ногдуулна гэдэг МАН-ын хөтөлбөр рүүгээ явах нь зүйтэй гэдэг зарчим. Ингэхдээ олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг цогц байдлаар авч үзэн, хувь хэмжээг буулгахдаа хамтад нь оруулж ирэх ёстой гэсэн байр суурийг хувь хүнийхээ үүднээс барьж байгаа.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг Сангийн сайд өргөн барьсан. Энэ хөтөлбөрийг ирэх оны төсөвтэй хамт хэлэлцээд батлах уу. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 3.0 хувьд хүргэнэ гэсэн. Энэ боломжтой юу?
-Төсвийн хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 15-наас өмнө хийж дуусгах хуультай. Ирэх долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороогоор ороод хэлэлцээд явна. Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичиг дээр эдийн засгийн өсөлтийг 2.8 гэсэн байсан. Засгийн газрын оруулж ирсэн баримт бичиг дээр 3.0 хувь гэж байна. Монголбанк, Засгийн газрын байр суурь өөр байгаа юм байна гэж ойлгосон. Томоохон төслүүдээ хийж чадвал, хувийн хэвшлээ дэмжээд өгвөл, дээр нь 9.9 хувийн алдагдлыг буулгаж чадвал 3.0 хувийн өсөлтийг хангах боломжтой. Хэрвээ 9.9 хувийн алдагдалтай төсөвтэй, их хэмжээний өр зээл авна гэсэн зарчмаар явбал энэ өсөлт гарахгүй. Тэгэхээр Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гараад, 9.9 хувийн төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах вэ, 1.3 их наяд төгрөгт хүрсэн хүүгийн зардлыг хэрхэн бууруулах вэ, ингэснээрээ арилжааны банкууд чөлөөт эх үүсвэрийг яаж бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байна.
Ж.ГАНАА