Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй. Энэ үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ингэхдээ түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлжээ. ОХУ-ын талаас ч энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа учраас талууд яаралтай хэлэлцээрийн ширээнд сууж шатахууны үнэ нэмэхгүй байх, тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар ярилцахаар болсон байна. “Роснефть” компанитай нийлүүлэлтийг бууруулахгүй, үнэ тогтвортой байх чиглэлээр хэлэлцээр хийхээр тохиролцжээ.
Засгийн газраас шатахууны хомсдол үүсч, үнэ нэмсэнтэй холбогдуулан зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Өргөн хэрэглээний буюу иргэдийн олонх нь хэрэглэдэг А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, бусад төрлийн шатахууны онцгой албан татвар болон үнэ нэмснийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Зөвхөн А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэснээр 2018 оны улсын төсөвт орох 68 тэрбум төгрөг дутаж байгаа.Үүнээс болоод улсын төсөвт ч тодотгол хийх нөхцөл байдал үүсч магадгүй болоод байгаа. Иймээс ч эдийн засагчид татвар тэглэсэн нь гал намдаах арга гэж дүгнэж буй. Манай улс нефть бүтээгдэхүүнээ 100 хувь импортолдог. Тиймээс өнөөгийн хэрэгцээгээ хангахын тулд импортлогч орнуудтай хэлэлцээр хийх, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний нэмэгдэлд өртөхгүй байх боломжийг эрэлхийлэх ёстой. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай Улаанбаатарт хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ.
Эх сурвалж: www.info.mn