Гаалийн байгууллага 2017 онд Монгол Улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 53,4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Орлогын төлөвлөгөөний энэ биелэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 28,2 хувиар их буюу 429,5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Мөн өнгөрсөн онд Гаалийн байгууллага экспортын гаалийн бүрдүүлэлтийн 84 хувийг цаасгүй технологид шилжүүлэхийн зэрэгцээ хяналтын тоног төхөөрөмжийн хүртээмж, тоо хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэн, хил гааль дээрх гаалийн үйл ажиллагааг хялбарчилсан байна.
Бүс нутгийн хэмжээнд хүлээсэн үүргийн дагуу худалдааны луйвар, гаалийн зөрчлийг эрсдэлийн судалгаанд суурилан үр дүнтэй илрүүлэн таслан зогсоож чадсанаар нийт 2073 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж, 1,5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 1,9 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн амжилттайгаар шинэ оноо угтжээ.
Энэ гаргасан амжилтаа улам бататгаж 2018 оныг Гаалийн байгууллагаас “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” гэж тодорхойлж байна.
2018 оны 1-р сарын 17-18-ны энэ өдрүүдэд Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтнууд “Зөвлөлдөх уулзалт”-аа зохион байгуулж 2017 оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа сайтар ярилцан дүгнэж, 2018 онд хууль ёсны худалдааг бүх талаар дэмжин, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад зорин ажиллахаар зөвлөлдөж байгаа юм.
Зөвлөгөөнд Гаалийн байгуулагын дарга, дэд дарга нар гаалийн газар, хороо нэгжийн удирдлагын баг бүрэн бүрэлэхүүнээрээ оролцож байна.