Ухаалаг утсаа хүйтнээс хэрхэн хамгаалах вэ

845

Хэт хүйтэнд ухаалаг утсанд юу тохиолддог, юунаас сэргийлэх ёстой вэ гэдгийг зааж өгье. Юуны түрүүнд гар утсыг тэсгим хүйтэнд ашиглахад зориулж бүтээгээгүй гэдгийг санаарай.
Жишээлбэл Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглаж болох хамгийн хүйтэн нөхцөл нь 0 градустай үед гэж зөвлөдөг. Харин Samsung компани -20 хэмийн хүйтэнд S цувралыг ашиглахад гэмгүй гэжээ.
Таны утас даарахаараа яадаг вэ?
Батарей хурдан дуусна, эсвэл бүрэн унтарна
Цаг агаар хүйтэн үед гар утасны батарей юун түрүүнд ажиллахаа больдог. Эхний ээлжид хэтэрхий хүйтэн нөхцөлд ашигласан утас унтарч, батарейны цэнэг дуусаагүй байхад цэнэггүй боллоо гэж заах бөгөөд энэ байдал олон удаа давтагдвал батарей нь бүрэн ажиллагаагүй болох ч эрсдэл бий.
Дэлгэц ажиллахгүй, гажигтана
LCD дэлгэцтэй утас AMOLED дэлгэцтэй утаснаас илүү хүйтэнд мэдрэмтгий байдаг. Дэлгэц гацаж, хуруу хүрснээс бүр хойно үйлдэл хийх гэх мэтээр гажигтана. Харин хэт даарсан утсыг гэнэт дулаан газар орж ирээд ажиллуулахад дэлгэц нь цантах, тэр нь дэлгэцээ гэмтээх гэх мэт эрсдэл дагуулдаг.
Утасны дотор эд анги алдаа зааж эхэлнэ
Нэн тэргүүнд заадаг алдаа нь СИМ карт уншихаа болих юм. Хэтэрхий хүйтэнд утасны дотоод эд ангиуд зарим нь буруу ажиллаж эхэлсний улмаас СИМ карт, Мемори карт уншихгүй болж, утасны микрофон, спикер ажиллахгүй болж ч болно.
Утсаа хэрхэн хамгаалах вэ?
Хэт хүйтэн үед утсаа гадаа ашиглахгүй байх нь хамгийн амархан эрсдэлээс сэргийлэх арга юм. Түүнчлэн өмдний халаас, хүрэмний дотор халаас, цүнх гэх мэт газарт хийж аль болох дааруулахгүй байх хэрэгтэй.
Мөн өвлийн улиралд цаг агаарын эрсдэлээс хамгаалах зориулалт бүхий гэр ашиглахад гэмгүй. Бүр хамгийн наад зах нь резинэн гэр аваад утсандаа хийчих.
Хэрвээ утасны цэнэг дуусаагүй байхад хүйтэнд ашиглаж байгаад унтраачихсан бол асаах гэж яарах хэрэггүй. Дулаан, хуурай газарт оруулж “дулаацуулах” нь зүйтэй юм.
Үнэхээр болохгүй бол хоёр гарынхаа завсар хийж хэсэг хугацаанд бүлээцүүлэхэд эргээд асах магадлал өндөрсдөг.
Хийхээс зайлсхийх ёстой зүйлс
Өвлийн улиралд машиндаа утсаа битгий үлдээж байгаарай. Ялангуяа асаалттай чигээр нь үлдээх нь утасны эдэлгээг богиносгох, бүр шууд эвдлэх ч аюултай. Тиймээс утсаа машиндаа үлдээх хэрэггүй, үнэхээр үлдээх шаардлагатай бол унтраагаад, хэрвээ батарей нь салдаг бол салгаад тавих хэрэгтэй.
Гадаа цасаар шуурч, тэсгим хүйтэн байхад утасныхаа дуудлагад аль болох хариулахгүй байхыг хичээгээрэй. Нэгдүгээрт цаг агаар таагүй үед хаа нэг тийшээ алхаж явахдаа утсаар ярих гэдэг өөрийгөө аюулд оруулах эрсдэлтэй. Наад зах нь анзааргагүй явж байгаад халтирч унана.
Харин гар утасны тухайд цасанд норж, хүйтэнд даарах зэрэг хосолсноор бүрэн ажиллагаагүй ч болж магадгүй. Түүнчлэн нэг зүйлийг сануулахад хэт хүйтэн нөхцөлд гар утасны дэлгэц хагарах магадлал нэмэгддэг аж.

Эх сурвалж: www.info.mn